Москвад болсон эсэргүүцлийн жагсаалд 50 мянган хүн оролцжээ
Оросын сөрөг хүчний хэсэг улстөрч Москвагийн удирдлагатай зөвшилцсөнөөр тус хотын Сахаровын өргөн чөлөөнд өчигдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
Хууль сахиулах байгууллагынхан жагсаалд 20 мянган хүн оролцсон гэж мэдээлсэн бол бие даасан ажиглагчдын бүлэг үүнээс хавьгүй их буюу 50 мянган хүн жагссан гэжээ.
Москвад сүүлийн ийнхүү дөрвөн бямба гаригдараалан олон арван мянган хүн оролцсон жагсаал болж байна. Ирэх есдүгээр сард болох Москвагийн орон нутгийн сонгуульд сөрөг хүчний болон бие даасан нэр дэвшигчдийг шалтаг тооцон бүртгэхээс татгалзсан нь эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөсөн юм.
Москвагийн Карнегийн төвийн улс төрийн шинжээч Александр Баунов “Euronews” агентлагийн сурвалжлагчид ярихдаа, “Өмнөх гурван жагсаал гол төлөв орон нутгийн сонгуульд бие даасан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсаныг эсэргүүцсэн бол энэ удаа улс төрийн хоригдлуудыг суллах, Москвагийн хэд хэдэн албан тушаалтныг огцруулах, жагсагчдын эсрэг хүч хэрэглэн баривчилж хилс хэрэг тулгаж буйг шалгахыг шаардлаа” гэжээ.
Жагсах зөвшөөрөл олгосон Сахаровын өргөн чөлөөнөөс халин хотын төвд цуглаан зохион байгуулахыг оролдсон 136 хүнийг баривчилсан тухай “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ