Орост пуужингийн хөдөлгүүр турших үед“Росатом”-ын таван мэргэжилтэн амь үрэгджээ


Оросын Архангельск мужийн Северодвинскийн цэргийн нууц полигонд пуужингийн шинэ реактив хөдөлгүүр турших үед цөмийн эрчим хүчний “Росатом”төрийн өмчит корпорацийн таван мэргэжилтэн амь үрэгдэж, гүрав нь шархадсан тухай “РИА Новости” агентлаг уламжилж байна. 

Северодвинскийн полигонд энэ сарын 8-нд реактив хөдөлгүүрийн изотоп цэнэглэгчийг турших явцад тодорхой бус шалтгааны улмаас дэлбэрэлт болжээ. Шархдагсдыг тусгай эмнэлэгт хүргэн эрчимт эмчилгээ хийж байгаа аж.  

“Росатом” нь Оросын 360 гаруй иргэний атомын эрчим хүчний компаниуд, цөмийн зэвсгийн үйлдвэрүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, мөс хагалагч атомын флотыг нэгтгэсэн томоохон корпорац ажээ. Тус корпорац ураны нөөцөөр дэлхийд хоёрт, ураны олборлолтоор дөрөвт, атомын эрчим хүчний үйлдвэрлэлээр тавд тус тус ордог ба ураныг баяжуулах дэлхийн үйлдвэрлэлийн 40 хувийг хянадаг байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ