Мадуро энэ сарын 10-нд дэлхий даяар Трампыг эсэргүүцсэн ажиллагаа явуулахыг уриалав
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын нийслэл Каракас хотноо болсон нэгэн ёслолын арга хэмжээний үеэр үг хэлэхдээ, энэ сарын 10 буюу ирэх бямба гаригт дэлхий даяар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцсэн ажиллагаа явуулах тухай тус улсын Конгресс дахь Засгийн газрын талыг баримтлагч “Эх оронч туйл” эвслийн саналыг бүрэн дэмжиж уриалга гаргажээ.
Тэрээр, “Би энэ саналыг бүрэн дэмжиж байна. Өдгөө дэлхийд эсэргүүцлээ илэрхийлэх янз бүрийн арга байна, нэн ялангуяа интернет дахь нийтийн сүлжээнд. Энэ дэлхийд ямар ч гүрэн, гүйцэтгэх засаглал, эдийн засгийн хориг арга хэмжээ эрх чөлөөг эрхэмлэгч Венесуэлийг тогтоон барьж дийлэхгүй” гэжээ.
Николас Мадуро түүнчлэн АНУ-ын зүгээс эдийн засгийн ээлжит хориг арга хэмжээ авсныг эрс буруушааж, Венесуэл ийм арга хэмжээний хор хохирлыг амжилттай давж гарч чадна гэдэгт эргэлзэхгүй буйгаа мэдэгджээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ