Доналд Трамп Владимир Путин руу залган Сибирийн түймрийг унтраахад туслах санал тавьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж Сибирийн ойн түймрийг унтраахад тусламж үзүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн тухай “ТАСС” агентлаг мэдээллээ.

Владимир Путин хариуд нь гүн талархал илэрхийлээд шаардлага гарвал тусламжаас татгалзахгүй гэжээ. Тэрээр Сибирьт түймэртэй тэмцэхэд зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг оролцуулж буйг АНУ-ын төрийн тэргүүнд хэлсэн байна.

Владимир Путин түүнчлэн ойн түймэртэй тэмцэхэд тусламж үзүүлэхийг хүссэн Доналд Трампын санаачлагыг хоёр орны харилцаа цаашид хэвийн байдалд орох бүрэн боломжтойг харуулсныг онцолжээ. Хоёр орны удирдагч цаашид утсаар төдийгүй биечлэн уулзаж ярилцаж байхаар тохиролцсон байна.

ОХУ-ын Монголтой хил залгаа Эрхүү муж, Буриадаас гадна Красноярскийн хязгаар, Якутад гурван сая га газрын ой шатаж байгаа билээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ