Л.Одончимэд: “Ухна муудахад ишиг болгон ямаа харайлдаг” шиг юм болж байна
МАН-ын гишүүн Л.Одончимэдтэй ярилцлаа.
-Танай намын Бага хурал болж өнгөрлөө. Хурлын үеэр таныг нэлээд бухимдаж, хатуу үг хэлсэн гэж сонссон.Шинэчлэлийн тухай оновчтой шийдвэр гаргаж чадсан уу?
-Шинэчлэл гэдэг хэлэхэд амар, хийхэд хэцүү, малгайгаа солихтой адилгүй. Харин бид толгойдоо малгайгаа тааруулах ёстой атал, малгайдаа толгойгоо тааруулах гэсээр өдий хүрсэн. Өөрөөр хэлбэл намын толгойд гарсан хэдэн хүнийг улс төрд удаан байлгахын төлөө тооцож хайрцагласан бодлогод намын ажил, улс орныхоо хөгжлийг болон бусад зорилтоо тааруулах гэсээр хорин жилийг авлаа. Энэ хооронд улс орон санасанд хүртэл хөгжсөнгүй, ард түмний аж амьдрал дээшилсэнгүй. Сонгогчид улам бүр алсран зайлсан. Гишүүд, дэмжигчид, ард иргэдээ сонсдоггүй шал дүлий, харалган бас тэгээд авлигачдын гэсэн нэртэй төрийг бий болгосон. Монгол Улсыг удирдан жолоодох хүчин гэдэг итгэлийг дахин олохын тулд энэ бүх гашуун үнэнийг нүүр тулж ярилцаад, үйл ажиллагаандаа бодитой дүгнэлт хийж, гарцаа тодорхойлох нь шинэчлэлийн эхлэл юм. Залуучууд маань хурдхан хэдэн дарга нараа сольчихвол шинэчлэл болмоор юм шиг санадаг бололтой. Ярьж байгаа, явж байгаа хоёр нь зөрүүтэй харагддаг. Ард нь мөнгөтэй хуучинсаг хүчин байгааг мэдэхэд хэцүү биш. Тиймээс би, яарах хэрэггүй, төр засаг ажлаа хийж л байг хэдүүлээ энэ чөлөөнд юуны өмнө улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд онош тавиад эмчлэх арга болсон хөгжлийн гарцыг тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө боловсруулъя. Тэгээд шинэ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шилдэг арга хэлбэр олъё. Дараа нь ямар замаар, ямар хүчээр шийдвэрлэх вэ гэдэг дээрээ намынхаа шинэчлэлийг авч үзье. Үзэл баримтлал, дүрмээ ч шинэчилье гэж хэлсэн юм. Энэ бүхнийг ганц хоёр сард багтаах боломжгүй. Манай улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд асар том гажуудал гарсан. Ер нь Үндсэн хуулиа дагах уу, гаргасан гажуудалдаа тохируулж эх хуулиа засах уу гэдэгтээ л туллаа. Ард түмэн үүнд дургүйцээд саналаа ч өгөхөө больж байгаа юм. Бүхнийг шинэ нүдээр харах хэрэгтэй. Залууст шинэ нүд нь байж болно. Туршлага дутна. Гурван цагийн хэлхээсэнд авч үзье. Дээрээс нь оны эцэст эдийн засаг ямар болох нь вэ, намрын ажил ургац хураалт, өвлийн бэлтгэл туллаа. Намуудын тухай хууль яаж гарах нь уу. Гадаад, дотоод нөхцөл яаж хувирах нь уу. Энэ бүхнийг харзнаж хүлээж, сайн бэлтгээд 2014 оны эхээр Их хурлаа хийе гэсэн юм. Намуудын тухай хууль гарсны дараа дахиад их хурал хийж магадгүй л байх. Бас их хурлын төлөөлөгчдийн тоог 720-оор оруулж ирснийг зөвшөөрөөгүй. Анхан шатны 1800 үүртэй юм бол үүр бүрээс нэг төлөөлөгч оролцуулъя гэсэн. Эдгээр асуудлаар санал хураалгаад хурлын тов аравдугаар сарын 27-нд хийхээр болсон. Манай дээд удирдлага анхан шатнаасаа тасраад удсан. Сонгуулийн үед л тэднийгээ санадаг. Орон нутгийнхан хуралд ирж үгээ хэлэг л дээ.
-Одоогийн дарга нараа өөрчлөхийн түүс болж байгаа юм биш үү?
-Одоогийн хоёр даргаараа Их хуралд бэлтгэх ажлыг удирдуулъя гэсэн байр суурьт нэгдсэн. Намаа сонгуульд ялагдуулсан гэдэг үг өөрөө их маапаантай үг.Нам сонгуульд ялагдах олон шалтгаантай. Гол буруутан нь гишүүд бид өөрсдөө. Манай нам 260мянган гишүүнтэй гэвэл нэг гишүүн хоёр дэмжигчийг санал өгүүлэхэд л бид ялна биз дээ. Гэтэл өөрсдөө тийм итгэл үнэмшилтэй, идэвх зүтгэлтэй ажиллаагүй мөртлөө, "зуд ирвэл хуц уханд" гэгчийн үлгэрээр хөдөлж таарахгүй. Гишүүд "Үнэн" сониноо захиалдаггүй, хандиваа өгдөггүй. Тэгээд нам мөнгөгүй гэж яриад мөнгөтэй хүний халаасанд ороход бэлэн болоод байна.
Татварт жилдээ 5000 төгрөгийн хандив өгөөд, ядаж 10 мянган гишүүн сониноо захиалахад санхүү босно шүү дээ. Манай нам хэнийг ч албаар элсүүлдэггүй. Өөрөө итгэл үнэмшлээрээ элсчихээд, хүлээсэн үүргээ биелүүлдэггүй хүмүүсээс болж нам ялагдсан гэж хэлбэл үнэнд нийцнэ. Энэ байдлыг өөрчилж, идэвхтэй гишүүдийнхээ тоог нарийвчлан гаргах нь шинэчлэлийн нэг гол ажил мөн. Дарга нараа солих тухай асуудлыг жирийн гишүүд биш, дарга болчихвол илүү амттай бялуу хүртэнэ гэж хорхойссон хүмүүс, тэгээд манай намыг бужигнаасай гэж бодсон сөрөг хүчний зүгээс гаргаж байгаа өдөөлт юм. Манай нам кадр сайтай гэлээ ч хүнээр тоглож таарахгүй. Бүр 1930-аад оноос эхэлж шилдэг сэхээтнүүдээрээ хангалттай тоглосон. УИХ-д олон удаа сонгогдсон ч юм бүтээж гавиагүй, тойрогтоо адлагдагсад, жагсаалтаар орж ирсэн, сонгуульд өрсөлдөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ялагдсан, журмын нөхрөө жийсэн, намын нэрээр олон жил алба хашсан ч муу ажиллаж нэр төр нь доройтсон, авлига өглөгөд өртсөн, аймаг, хот, дүүргийн намын байгууллагыг толгойлж байхдаа намаа хагаргаж бутаргасан нөхдүүд өөрсдөө дүгнэлт хийж байгаа биз дээ. Тэгж чадвал шинэчлэл болно. Шинэ дүрмээрээ энэ бүхнийг эцэс болговол бас л нэг шинэчлэл болно. Ерөөсөө намд шургалан орж, эрх тушаал олж аваад, түүнийгээ дөрөөлж төрийн түшээ, сайд дарга болж, юм хийж бүтээх чадваргүй мөртлөө насаараа зөөлөн суудалд шигдэж, бас мөрөөрөө байхгүй, хэдэн тийшээ холбирон хутган үймүүлж, хөрөнгө мөнгө хумсалж байх гэсэн өрсөлдөөн, энэ бохир явдалд орооцолдсон нэр бүхий тоотой хүмүүс манай намыг муухай харагдуулж байгаа юм. Тэднийг бол харин намаа ялагдуулсан буруутнууд гэж хэлж болно. Одоо болох их хуралд төлөөлөгч сонгохоос эхлээд цэвэрших замдаа орвол шинэчлэл болно. Гэхдээ манай намыг ашиглаж амьдралаа сайжруулсан хүмүүс нэлээд нь аль хэдийнээ зугтсан нь Ерөнхийлөгчийн сонгууль болон бага хурлын байдлаас ажиглагдсан.Манай намын цаашдын хувь заяаг шийдэх сүүлчийн их хурал ч байж магадгүй шүү дээ.
-Тэгвэл аравдугаар сард Их хурлаа хийж, намын даргаа солих юм байна гэж ойлгож болох уу. С.Баяр, У.Хүрэлсүх, М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд гээд л баахан хүний нэр ярих юм. Та туршлагатай хүний хувиар хэнийг нь дарга болно гэж бодож явнавэ?
-Намын даргаа солихгүй ч байж магадгүй. Яагаад гэвэл одоо орон даяар намын дарга болох хүнийг тодруулах асуулга явуулна. Тэр олон хүний нэрийг бичээд байдаг нь тэднийг дарга болчихвий гэсэн хүмүүсийн зүгээс явуулсан, урьдчилан "гэрэл цохиулах" арга юм. Тэднийг хүн тус бүрээр авч яривал, намдаа хийсэн юмтай, алдсан ч юмтай. Манайхан ер нь хүнийг нэг бол "манай тал" эсвэл "дайсны тал" болгох гээд байдаг сонин зантай. Хүн бүрт сайн болоод сул тал бий шүү дээ. Бас нэг гажуудал нь дарга байсан хүний нүүрэнд хаана ч гэсэн танигдаж байх хар бараан тэмдэг тавьж, нэрний нь ард "сүүл" зүүж салдаг. Хувьсгалын эхэн үед бол цаазалж хороодог байсан. Тэгээд сүүлд нь "үгүй мөн мундаг хүн" байсныг мэдсэнгүй гэж мөөрөлддөг. Одоо эргээд бодоцгоовол нэг ч сайн хүн байгаагүй мэт харагдана. Гэхдээ сүүлийн үеийн Монголын лидерүүдээс улс орон ард түмнийхээ төлөө өөрийгөө зольж ажилласан эх оронч сэхээтнийг нэрлэе гэвэл онож хариулахад тун бэрх. Энэ бол хамгийн гол үнэлэмж болох ёстой. Дээр үед тийм байсангүй. "Майдарын өндөр" гэдэг шиг заавал юм хийж үлдээдэг, дарга харин ядуу хэвээрээ салдаг байсан. Одоо бол дарга болохдоо огт хөрөнгөгүй байсан хүмүүс чухам хаанаас, юунаас гэдэг нь үл ойлгогдох замаар хагартлаа баяжаад ажлаа өгдөг болсон. Уншигч та, аль нэг даргын бариулсан үйлдвэр гэж мэдэх үү. Жасрайгийн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэр боссон шиг, Буянгийн Жагаагийн "Говь" гэдэг шиг, Үндэсний үйлдвэрлэлийн гол түүхий эд арьс шир, ноос, ноолуураа боловсруулдаг орчин үеийн үйлдвэр барьсан билүү. Нөгөө дэлхийд брэнд болох үйлдвэрүүдийг хэн хэзээ босгох вэ. Бид урьд нь хийсэн юмтай, өндөр мэдлэгтэй шалгарсан хүмүүсээ намын даргад сонгодог байсан юм. Ачаа даах тэнхээг нь шалгаагүй атан тэмээг алсын аянд жингийн цувааны хажууд сул хөтөлж, яваандаа бага багаар ачаалдаг монгол арга байсан шиг. Ингэж байгаагүй маань алдаа болж, боловсон хүчний тоо нь олон байхаас биш бодлогоор бэлтгэсэн лидергүй болоод байна. Тэгээд хүний эрэлд гарч, фракцууд өрсөлдөж, хэн дийлсэн нь чадалгүй ч хамаагүй нэгнийг дэвшүүлдэг, түүнийг хүлээн зөвшөөрөөгүй бусад нь суудлыг нь мэрдэг болоод байна. Эцэстээ "ухна муудахад ишиг болгон ямаа харайлдаг" шиг юм болж байна. Баг, хороо, сумын даргаар ажиллах хүн ч олдохгүй болж байна. Гэхдээ "могой гурав тасравч гүрвэлийн чинээ" гэж МАН хоёр тасарсан ч АН-аас зуун мянгаар давсан гишүүдтэй байгаа юм. Аавын хөвгүүд, ээжийн охид дотор ард түмнээ аваад явах лидер нь байж л байгаа. Манай хуучин лидерүүдийг олон нийт хүлээн зөвшөөрөхөөсөө өнгөрсөн гэдгийг тэд өөрсдөө бас мэдэж, мэдэрч яваа биз ээ.
-Эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа тухай их ярьж бичих боллоо. Энэ талаар таны бодол?
-Эдийн засаг гэдгийг шууд утгаар нь авч үзвэл үйлдвэрлэл гэж ойлгодог. Монгол Улс бол түрүүчийн тогтолцооны үед ч, шинэ нийгмийн үед ч дэлхийд өрсөлдөх хэмжээний бүтээгдэхүүн гаргадаг орчин үеийн үйлдвэр байгуулж чадаагүй, дандаа гадны хараат эдийн засагтай явж ирлээ. Нэг талаас түргэн хөгжихөө бодож, тааруухан хэлбэл амарчлан бэлэнчлэх сэтгэлдээ автаад газрын баялгаараа дэнчин тавьсан уул уурхайн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх гэж оролдсон. Хамгийн гол нь дээдэс, хувь хүн гэнэт баяждаг салбар юм. Улс төрийн бүх нам хүчнүүд үүнийг л чухалчилсан биз дээ. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж ярьцгаасан ч хөрөнгийн хуримтлал байгаагүй.Тэгээд л эдийн засаг хүндэрч, дээрээс нь валютын ханш чангарч, юмны үнэ өсч, төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажил удаашрах байдалд орж байна. Гадныханд ашигтай ийм хүнд байдалд орж байхад "еэ гялай" эдийн засаг дампуурах нь гэж ярьж бичээд байгааг би ойлгохгүй байгаа юм. Улс орныхоо эдийн засгийг доройтоход баярладаг монгол хүн гэж байж таарахгүй. Эрх барьж байгаа нам алдаж болно. Алдаагаа хурдан засч арилгаж болно. Зөв зам руу нь залахын төлөө сөрөг хүчнүүд ончтой үгээ хэлж, зөвшилцөх нь нийт Монголын эрх ашиг. "Бясаагаа устгах гээд байшингаа шатаав" гэдэг шиг нэг тэвшинд сууж яваагаа мартаад завиа хөмрүүлбэл хэн хожих юм бэ. Аль нэг нам хождог юмаа гэхэд ард түмэн хохирно гэдгийг ямагт санаж ажиллах ёстой. Тэгээд ч бид нийгмийн амьдралын завины залуурчийг сольсон болохоос биш завиа солиогүй. Ёроол нь цоорвол хамтарч нөхөх ёстой. Монгол гэдэг нь нэг л цул нэгдмэл юм. Тиймээс Ерөнхийлөгч санаачилгыг гартаа авч, улс төрийн намуудын зөвшилцөл хийж, улс орны эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох ёстой гэж бодож явна.
-Та энэ тухайгаа өөрийнхөө намын Бага хурал дээр ярьсан уу?
-Ардчиллын хорь гаруй жилд алдсан, оносондоо дүгнэлт хийж, "Монгол Улсын эрчимтэй хөгжлийн бодлого" боловсруулъя гэсэн санал хэлсэн. Биднийг улс төр ярьж гэдсэндээ хөлөө жийлцэж байх хооронд ижил гараанаас гарсан улс гүрнүүд хөгжлийн уулынхаа оргилд гарч байна. Бид зөв зүг рүүгээ буруу замаар яваад байгаа юм. Аль аль нам нь санал татах гэж бэлэн бүхнийг амласаар одоо амлах ч юмгүй болсон. Амлалаа ч ард түмэн итгэхээ больсон. Тиймээс намуудтай зөвшилцөж, гарцаа олъё. Эрдэмтэн мэргэд, онол улс төрийн ухаантнуудтайгаа ярилцъя, тэднийгээ сонсъё. Аль аль нам нь айж бэргээд өдий болтол шийдвэрлэж чадаагүй олон асуудлыг зоригтой шийдвэрлэх тухай мөрийн хөтөлбөрөө гаргая. Дайраад ирсэн аюулыг тойроод гарах боломжгүй гэдэг санааг хэлж байгаа.
-Тухайлбал ямар, ямар асуудлыг шийдвэрлэх ёстой гэж та боддог вэ?
-Юуны өмнө төсвийн үрэлгэн байдлыг авч үзье. Засаг захиргааны нэгжийг цөөлье. ХАА-н салбар бол манай хөгжлийн гол үндэс. Хэдэн малчид л биднийг тэжээж зуу зуун жил боллоо шүү дээ. Орчин үеийн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, олон жил ярьсан аймаг, сум дундын боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд хөрөнгө хүч хаях ёстой гэж боддог. Засгийн газрын олон сангууд нь төсвийн мөнгийг цувчуулж, хувьдаа ашиглах боломж олгосноос хэтрээгүй. Ямар сангаар, юу босгож, хэдэн хэдэн айд ядуурлаас гарсан бэ гэвэл хариулах хүн олдохгүй. Гадны сайхан нэртэй сангууд ч адилхан. Ард түмэнд тусч байгаа юм алга. Арга зальтай хүнд үйлчилдэг, улстөрчдөд ашигтай зүйл болоод үлгэр төгсөж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр дээр хэлсний нэлээд нь шийдэгдэхгүй. Тиймээс энэ асуудлыг шийдье. Намуудын тухай хуулиа гаргая. Манай нөхцөлд тэр нам гэдэг нь ямар шүү "амьтан" байхыг шийдье. Одоогийн намууд цөм адилхан үзэл баримтлалын мухардалд орж нэг юмыг л олон янзаар хэлдэг, баруун, зүүний ялгаа нь арилсан. 2016 он гэхэд хоёрхон том нам болох төлөвтэй. Тэгвэл түүний нэг нь МАН байгаасай гэж л залбирах юм.
-Тэгэхээр таэнэ Засгийн газрыгмуулах дургүй байгаа юм уу даа?
-Нэгийгээ мууллаа гээд улс орон хөгждөгсөн бол Монгол өдийд "Азийн бар" болчихсон байх учиртай. Ялсан намын мөрийн хөтөлбөрийг ард түмний зөвшөөрч дэмжсэн мөрийн хөтөлбөр гэж үзэж болно. Ард түмэн нийлээд сонгосон юм чинь ажлаа хийх боломж олгох ёстой гэж үздэг. Одоогийн Засгийн газарт хэд хэдэн дутагдал байгааг цөмөөрөө харж байна. Өмнөх үеийнхээ хийж бүтээснийг үгүйсгэх, бүр татан буулгах, хураах, нураах байдал гаргаж байна. Санаж сэдэх нь сайн хэрэг боловч хэт яарч түргэдэн, сүүлдээ худлаа амалсан болох аюулыг дуудаж байна. Ам нь түргэдэж, ажил нь хоцроод байх шиг.
Эдийн засгийн бусулс төрийн аргаар гоё сайхан харагдах гэж өрсөлддөг дутагдлыг давтах гээд байх шиг. Зоригтой өөрчлөх юм руу орохгүй, автобусны нэгдүгээр эгнээ, "монгол бензин", цэцэг тарих, сурагчийн дүрэмт хувцас, 8 хувийн хүүтэй орон сууц гэх мэтийн эдийн засгийн үр өгөөжгүй зүйлээр шоудах тал нь давамгайлж байна. Найман хувийн хүүтэй зээлээр чухам хэний байрыг, хэнд зарж, хэн хожиж байгааг судлавал нэг дүгнэлт гарна даа.
"Чингэс" бонд нэг л биш ээ. Эргэж хурдан ашгаа өгч, түүнээсээ хүүгээ төлөх салбарт зарахын оронд, тэр чигээрээ сураг тасрах юманд үрэн таран хийж байгаа юм шиг харагдаж байна. Хорин жилийн давтамж гэж улс төрд нэг юм бий. "МАН-1996" гэдэг шиг, "АН-2016" гэж болох вий. Манай нам ч гэсэн сөрөг хүчний үгээ их сайн тооцоо судалгаан дээр тулгуурлан хэлэх учиртай. Одоогийн цөөнхийн бүрэлдэхүүнээр хүчтэй сөрөг хүчин болж ажиллахад хэцүү дээ, хэцүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ