Майкл Помпео: Хонгконгт болж буй үймээнд АНУ-ыг буруутгах нь утгагүй


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өчигдөр Тайландын нийслэл Бангкокт болох Зүүн өмнөд Азийн орнуудын АСЕАН холбооны уулзалтад оролцохоор мордохынхоо өмнө сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “Хятадын Гадаад хэргийн яам тус улсын тусгай бүс Хонгконгт болж буй үймээнд АНУ-ыг буруутгах нь утгагүй. Хонгконгийн оршин суугчид Хятадын удирдлагаас санаа бодлыг нь сонсохыг л шаардаж байна. Ямар ч улсын Засгийн газар ард түмнийхээ санаа бодлыг сонсч байх нь зүй” гэжээ.

Үүнээс өмнө Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чунин Хонгконгт болж буй үймээнд АНУ холбоотойг батлах видео ба фото баримтууд байгаа тухай мэдэгдсэн билээ. Хуа Чунин түүнчлэн Хятадын салшгүй нэг хэсэг болох Хонгконгийн хэрэгт гадаадын хүчин оролцохыг тэвчихгүй гээд Вашингтонд галаар наадахаа зогсоохыг зөвлөжээ.

            Хонгконгт сар гаруйн өмнөөс Хятадын хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг Бээжинд хүлээлгэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн олон арван мянган хүний жагсаал болж эхэлсэн билээ. Сүүлийн өдрүүдэд жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарах нь ихэссэн аж. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, резинэн сум хэрэглэх болжээ.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ