Монголын 713 бугын эврийн хэрэг Хятадын хэвлэлүүдээр шуурч байна
Манай урд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол Улсаас хууль бусаар оруулж ирсэн 1.5 тонн буюу 713 ширхэг бугын эврийн хэрэгт гол анхаарлаа хандуулсаар байгаа аж. Тодруулбал, “Chinadaily”, “Northnews“, “Xinhuanet” зэрэг Хятадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар мэдээлсээр байгаа юм.
-ХЭРГИЙГ ХЭН ҮЙЛДЭВ-
Хөх хотын гаалийн байгууллагаас улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 1.5 тонн бугын эврийн асуудлаар цагдаагийн байгууллагад хандсаны дагуу цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Одоогийн байдлаар дээрх их хэмжээний бугын эврийг хууль бусаар хил нэвтрүүлсэн жинхэнэ эзэн холбогдогчид нь тодорхойгүй байгаа аж. Ямартаа ч Хятадын цагдаа нар ачааны машины монгол жолоочийг сэжигтнээр татан байцааж эхэлжээ.
Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр 2013 оны наймдугаар сарын 13-ны өдөр Хөх хотын гаалийн газраас нэгэн мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд Монгол улсын нэгэн иргэн Хятад, Монгол улсын тусгай хамгаалалтад байдаг бугын 1.5 тонн буюу 713 ширхэг эврийг ачааны машины доод хэсэгт тусгай давхарга үүсгэн нууж оруулж ирж байгаад баригдсан талаар мэдээлсэн байна. Энэ нь Хятад улсын гаалийн хяналтын түүхэнд ойрын хэдэн жилд тохиолдоогүй хамгийн ноцтой хэрэг болжээ.
Энэ сарын 10-ны өдрийн үдээс хойш 16 цагийн орчим, Монгол улсын хилээс Хятадын хилийн зурвас дахь Эрээний контейнерийн хяналтын бүс рүү хоосон ачааны машин удаан гэгч нь орж ирсэн байна. Хяналтын зурагт тухайн машин “хэвийн бус” харагдсан аж.
Гаалийн хяналтын дарга Li Xiang Min хэлэхдээ “Хоосон машины дунд хэсэгт жигд бус хэлбэртэй объектын зураг илэрсэн. Тиймээс тухайн машины үзлэг хяналтыг зогсоон тусгаарласан. Үүний дараа Биеийн үзлэг шалгалт болон Хууль бус барааг хилээр нэвтрүүлэх хэлтэст мэдэгдсэн” гэжээ. Тухайн ачааны машины үндсэн шалны дээр 10 см орчим зузаантай төмөр шалыг битүү гагнасан бөгөөд гаднаас нь харахад хоосон машинаас ялгагдахааргүй байсан аж.
Сэжигтэн этгээд анх машиныхаа доод талд давхар битүү гагнагдсан хэсгийг цемент хэмээн хуурч, хил гарчээ. Улмаар тэрээр тухайн өдрийн үдээс хойш тэр хэсэгтээ бугын эврийг давхарлан ачиж нуугаад, хоосон машин мэт хилээр орж ирж байгаад баригдсан байна. Хятадын хэвлэлүүдэд мэдээллэж буйгаар 1.5 тонн бугын эврийг хэн хэрхэн хил давуулсаныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлж буй ажээ.
Н.БАТ
medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ