Д.Батжаргал: Төрсөн охин минь цацрагийн хордлогоос болоод тавхан хоноод л нас барсан

Улаанбадрах суманд ураны хайгуул хийж, хоёр ч орд илрүүлээд байгаа “Арева”-гийн тухай хүн бүр өөр өөрийн өнцгөөр тайлбарлаж байна. Зарим нь өнгөрсөн өвөл үхсэн малыг “Арева”-гийн үйл ажиллагаатай холбоотой хэмээн тайлбарлаж байхад зарим нь гадны компанийг өмөөрөх өнгө аястай олон сарыг өнгөрөөлөө.

Энэ удаад Монгол Улсад болсон цацрагийн эх үүсвэрийн томоохон аваарийг аюулгүй болгосон “Тамбов-Цэргийн химичид” ТББ-ын ТУЗ-ын дарга Д.Батжаргалтай ярилцлаа.

-“Арева” Улаанбадрах суманд хайгуул явуулж, олон тооны мал үхсэн явдлыг бидэнтэй огтхон ч хамааралгүй гэж тайлбарлаж байна. Та үүнийг юу гэж бодож байгаа вэ?

-Энэ бол маш том улс төр, бизнесийн сонирхол шүү дээ. Уран хэзээ ч хоргүй байна гэж байхгүй. Мал үхэх ч багадана. Харин одоо удахгүй хүмүүс энэ зүйлийг мэдрэх байх. Олборлож байгаа технологийн горыг эхлээд мал нь, дараа нь хүмүүс нь амсдаг.

-Хүнд нөлөөлсөн нь хэдэн жилийн дараа мэдрэгдэх бол?

-Шууд уранаас эхлэхгүй юм гэхэд химийн бодисноос нь эхэлж байна шүү дээ. Хүхрийн хүчлээс гадаргын болон гүний ус хордоод түүгээр хүн, мал ундаалаад хор уршиг нь гараад эхэллээ шүү дээ хүн хордоод эхэлчихсэн. Одоо бол хэзээ, хэрхэн, яаж илрэх нь цаг хугацааны л асуудал. Цацрагийн түвшин бага байгаа боловч уран уусган баяжуулах явцад газрын дор байсан олон химийн бодисууд уусгасан уусмал болон усаар дамжин байгаль орчин, хүн, ус гээд бусад бүх зүйлд нөлөөлөөд эхэллээ шүү дээ. Нөгөө талаас ураны хайгуул хүн, малд хор хөнөөлгүй гэцгээж байна.

-Цацраг идэвхит бодис хүний генинд нөлөөлдөг гэдгийг та өөрийн амьдралаар мэдэрсэн хүн шүү дээ?

-Цацраг идэвхит бүх бодис хүний генинд маш ихээр нөлөөлдөг. Монгол Улсад болсон цацрагийн эх үүсгвэрийн хамгийн том аваарийг аюулгүй болгосон хүний хувьд би ганцхан зүйлийг яс махандаа шингэтэл ойлгосон. Энэ бол цацраг идэвхит бодисын хор хөнөөл бол төсөөлшгүй их гэдгийг. Цацраг туяаны өвчин тусчихаад үхэл амьдралын зааг дээр байхад их зүйл бодогддог. Амьсгал цөөрөөд, даралт 30\60 болоод, цус гэх зүйлгүй болж шингэн ягаан зүйл хамраас үргэлж гойжоод ирэхийн цагт нэг зүйл маш ихээр бодогддог юм билээ. Энэ бол амьд байх. Цацраг идэвхит бодисын хор хөнөөл ганц надад нөлөөлөөд зогсоогүй үр удамд минь нөлөөлсөн. Аав боллоо гээд баярлаад явж байтал төрсөн хүүхэд минь цацрагийн хордлогоос болоод тавхан хоноод нас барсан. Би тэгэхэд харамсаад харамсаад бараагүй. Миний талийгаач охин тийм л байсан. Хүний генинд шууд нөлөөлнө шүү дээ. Тийм учраас цацраг идэвхит хордлого надаар дуусаасай. Энэ зовлонг өөр бусад хүмүүс бүү эдлээсэй. Монгол орон минь цацраг, цөмийн аюулаас холхон байгаасай гэж би хүсдэг.

-Ийм байхад Засгийн газар яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бол?

-Энэ шоунд хүн бүр л өөр өөрийн зорилготой оролцож байгаа. Аюулгүй байдлын талаар мэргэжлийн хүмүүс нь ажлаа хийхээр улс төржүүлээд л утга байхгүй болгочихдог. Одоо галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Улс төр, мөнгө, эрх мэдэл, уран, бизнес бүлгүүд бүх тохироогоо хийгээд тэр галт тэргэнд бүгд өөр өөрийн үүрэг, рольтой суучихсан явж байна.

-Галт тэрэг нэгэнт хөдөлсөн ч замд нь зогсоож болохгүй гэж үү?

-Саяхан болсон төмөр замын осол шиг байдлаар л зогсоох байх. Хэн нэгэн хүн Камаз унаад замдаа гарсан галт тэрэгний өмнүүр орж байж л зогсоох үлдсэн шүү дээ. Гэхдээ тэр камаз нь юу, жолооч нь хэн байх вэ гэсэн асуулт хариултгүй байна. Миний бодлоор камаз нь Улаанбадрах сумын ард түмэн, камазны жолооч нь нэлээн хэдэн хүний үхэл л байх болов уу? Тэгж байж л галт тэрэг бүрэн зогсох байх. Өөр арга зам байхгүй.

-Энэ талын хууль эрх зүйн орчин хэр хангалттай байна вэ?

-Ерөнхийлсөн Цөмийн энергийн тухай хууль л бий. Харин ураны хайгуул хийлгэж, уран олборлуулах асуудал дээр хэний сонирхол яваад байна вэ гэдэг өөрөө асуудал шүү дээ. Энэ бол их том хийгээд мөнхийн сэдэв.

Үүний цаана маш их мөнгө, эрх мэдлийн зөрчилдөөн явагдаж байгаа. Уран бүү хэл химийн бодисын хог хаягдлыг цэгцлэх ажилд улс төр орж ирээд л нам зогсоож байна шүү дээ.

-Уран Монгол Улсад ашиг тусаа өгөх үү?

Уран бол унтаж байгаа бар. Тэгэхээр унтаж байгаа барыг сэрээж яана.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ