Москвад мянга гаруй жагсагчийг баривчилжээ
Оросын нийслэл Москва хотын Захиргааны үүдэнд өнгөрсөн бямба гаригт 20 мянга гаруй хүн цугларан орон нутгийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигчдийг олноор хасах болсоныг эсэргүүцэж жагссан тухай “ВВС” агентлаг уламжлав. Цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой ашиглан мянга гаруй жагсагчийг баривчлан цуглааныг хүчээр тараасан ажээ.
Москвагийн цагдаагийн газраас мэдээлэхдээ, цуглаанд 3500 орчим хүн оролцосоноос 700 нь сэтгүүлчид байсан гэжээ. Харин ажиглагчдын үзэж буйгаар цуглаанд үүнээс хавьгүй их хүн оролцсон аж.
Европын холбооноос цуглааныг хүчээр тараасныг байж боломгүй үйлдэл гээд “Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, цуглаж жагсах наад захын эрхийг бүдүүлгээр зөрчөн” гэж мэдэгджээ.
Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг, Владимир Путиний бодлогыг эрс шүүмжлэгч Алексей Навальныг хууль бус цуглаан зохион байгуулсан хэргээр 30 хоног баривчлах шийдвэр гаргасан ч түүнийг шоронгоос эмнэлэг рүү яаралтай хүргэжээ. Алексей Навальный нулимс асгаруулах хийнд хордсон байж болзошгүй гэнэ.
Оросын нийслэл Москва хотын орон нутгийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн 30 орчим хүнийг таван мянгаас дээш дэмжигчийн гарын үсэг, хаяг зэргийг зөв бүрдүүлээгүй зэрэг шалтгаанаар сонгуульд оролцуулахгүй байхаар шийдвэрлэснийг эсэргүүцэн иргэд ийнхүү жагсчээ.
Сүүлийн жилүүдэд Орост олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал, мөн ийм олон хүнийг нэг дор баривчилсан тохиолдол гараагүй билээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ