Эрхүү мужид дахин үерлэсэн Ия голын усны түвшин 7.63 метрээр нэмэгджээ
Оросын Эрхүү мужийн Тулун хотын ойр орчимд дахин үерлэсэн Ия голын усны түвшин 7.63 метрээр нэмэгдсэн нь аюултай хэмжээнээс даруй 63 см-ээр их болжээ. Үүнээс гадна Аршаан голын усны түвшин аюултай хэмжээг долоон см-ээр даваад байгаа аж.
Одоогийн байдлаар Тулунд 147 орон сууцны барилга усанд автсан ба үерийн бүсээс 1039 хүн, үүний дотор 615 хүүхдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Эрхүү мужийн Саяаны нуруунаас эх авдаг голууд үерлэн эргээсээ хальсны улмаас тус мужийн Тулун, Доод Үд, Жим, Хүйтэн, Тайшет, Чун дүүргүүдэд онц байдал зарласан бөгөөд 110 суурин газрын арван мянга гаруй орон сууцны барилга усанд автаж, 25 хүн амь үрэгдэн долоон хүн сураггүй алга болсон билээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ