Төсвийн мөнгөөр өрөөгөө тохижуулсан хурган дарга нар нэмэгдсээр байна

дүүрэгУлсын эдийн засаг хямарч, элгээрээ мөлхөж эхэлсэн энэ үед үр ашиггүй зардлаа багасгаж, өгөөжгүй зүйлд мөнгө үрэхээс татгалзахыг эдийн засагчид Н.Алтанхуягийн Засгийн газарт зөвлөж байгаа. Засгийн газраас төсвийн мөнгийг хэрэгтэй төсөл хөтөлбөр, үр ашигтай ажилд зарцуулж байгаа гэж байгаа ч хэлж буй зүйл нь эсрэгээрээ хэрэгжиж байгаа олон жишээнүүд байгаа юм.

Тодруулбал татвар төлөгч бидний босгосон хэдэн төгрөгийг дүүргийн ИТХ-ын хурган дарга нар нь хувааж аваад үрэн таран хийгээд дуусч байгаа талаарх мэдээлэл эхнээсээ дуулдаж эхэллээ.

Өнгөрсөн сард гэхэд л Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ гэх нөхөр төсвийн 70 гаруй сая төгрөгөөр зөвхөн ажлын өрөөгөө тохижуулж, 59 сая төгрөгөөр хувьдаа машин авч унасан гэх хэрэг мандсан. Ингэхдээ тэрээр тендер зарлалгүйгээр өөрийн компаниар засварын ажлыг хийлгүүлж, цаашлаад өрөөнийхөө тавилгыг танилынхаа компаниас авч тавин хууль зөрчсөн гэдэг.

ЧД-ийн ИХТ-ын төлөөлөгч нар түүний энэ үйлдлийг эсэргүүцэн дүүргийнхээ Тамгын газрын байр, АТГ-ын гадна эсэргүүцлийн жагсаал хүртэл хийсэн.Цаашлаад ганц хурган дарга төсвийн мөнгийг үрж, тансаглаж суухыг хараад сууж байж чадахгүй хэмээн Д.Бат-Эрдэнийг Нийслэлийн прокурорын газар, АТГ-т мэдүүлсэн юм.

Харин Д.Бат-Эрдэнэ дарга улсын 120 гаруй сая төгрөгөөр тансаглачихаад “Би хууль зөрчөөгүй. Чи шалгуулдаг газраараа явж шалгуул. Би хаана ч тансаглана.Хуучин авто замын газар байхдаа ч ингэж байсан. Зам засвар арчлалт улсын үйлдвэрийн газар байхдаа ч бас иймэрхүү байсан. Үүнийгээ хэнээрч заалгуулахгүй” гэж томорч суусан гэдэг.

Д.Бат-Эрдэнэ гэх нөхрийн хэрэг намжаагүй байтал СХД-ийн ИТХ-ын дарга бас л улсын мөнгөөр хувийн эрх ямбаа хангаж байгаа талаарх мэдээлэл бидэнд ирэв.Тус дүүрэгт орон нутгийн сонгууль болоод найм дахь сартайгаа золгож байна. Энэ хугацаанд. дүүргийн иргэдийн төлөөлөгчид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэхэд хангалттай хугацаа өнгөрсөн гэж үзэж болно. Гэтэл МАН, АН-аараа талцаад ямар ч ажил хийж эхлээгүй гэнэ. Тус дүүргийн ИТХ-дМАН-аас 22 хүн, АН-аас 17 хүн, МАХН-аас 2 хүн иргэдээ төлөөлж ажиллаж байгаа аж. .


Мөн төсвийн тодотголд нь зөвхөн Засаг даргын тамгын газрын гадна засвар, дарга нарын ажлын өрөөний тохижилт, сандал ширээний мөнгийг төсөвлөсөн гэх. Гэтэл тус дүүрэгт эрчим хүчинд холбогдоогүй 4-5 мянган өрх харанхуй гэрт лаа асаагаад амьдарч байдаг. Төсвийн мөнгийг энэ мэт олон ажилд зарцуулахболомжтой байхад зөвхөн дүүргийн тамгын газрыг тохижуулах ажилд зарцуулж байгаа нь ямар учиртай вэ?

Сонгино хайрхан дүүрэгт төсвийн тодотгол иргэд рүү хандахаасаа илүү дарга нарын тав тухыг хангасан зүйлд зарцуулагдаж байгаад тус дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгч эсэргүүцэж бас л жагсаал цуглаан хийх дээрээ тулаад байгаа аж.

Ерөнхийлөгч зарлиг гаргаж бүх дүүрэгт “Иргэний танхим” байгуулж,дуу хоолойг нь сонсох ёстой гэсэн байтал энэ дүүрэгт иргэний танхимыг одоог хүртэл байгуулаагүй гэнэ. Цаашлаад иргэдийн хурлын төлөөлөгч нар цуглаж, хуралддаг өрөөг нь хоёр хуваагаад дарга нарын өрөө болгосон байна. Өнөөдөр тус дүүргийн ИТХ-ынхан хурлаа хийх өрөөгүй болжээ.

Дүүргийн ЗДТГ-ын байрны гаднах пасадыг засахад 64 сая төгрөгөөр засварлаж байгаа аж. Мөн бусад өрөө тасалгааг ч төсвийн мөнгөөр засч байгаа гэнэ. Бас л тендер зарлаж сонгон шалгаруулалт хийлгүйгээр тус ажлыг хийсэн байна.

Энэ мэт намаараа талцаж хуваагдсан хэдэн нөхдөөс болж нийслэлийн хэдэн дүүрэг хөгжихгүй нь. Мөн дүүргийн хөгжилд зарцуулагдах ёстой мөнгө хэдэн хурган дарга нарын өрөөний тохижилтын ажилд үрэгдээд дуусах шинжтэй. Уг нь үүнд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс эхлээд засаг дарга хүртэл хяналт тавьж, заавар, чиглэл өгч, асуудлыг шийдэж явах учиртай.

Цаашлаад улсын эдийн засаг хүндэрсэн энэ үед төсвийн мөнгийг ингэж үрж, дуусмааргүй байдаг. Энэ мэт жижиг асуудлаа цэгцэлж, шийдэхгүйгээр Н.Алтанхуяг хямралыг даван туулна гэвэл бас л хэцүү гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.

Т.Энхэлээ24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ