Н.Энхбаяраас болоод У.Хүрэлсүх МАН-ын даргад өрсөлдөхөөс татгалзсан байжээ

Эрх баригчид Н.Энхбаярыг цагийг нь олж хорьсон шигээ бас цагийг нь олж уучилжээ. Н.Энхбаярыг хэзээ уучлах вэ гэдэг дээрх эрх баригчид нилээд толгойгоо ажиллуулсан бололтой. Учир нь Н.Энхбаярыг МАН-ын дуулиант Бага хурлын өмнө суллах нь улс төрийн хувьд ашигтай гэж үзжээ. Уг хурлын өмнө МАН ихээхэн замбараагүй байснаас гадна даргад горьдогсодын урт цуваа үүсчихээд байсан юм. Ийм үед Н.Энхбаярыг суллах нь МАН-ын дотоод зөрчлийг хурцатгах “эмчилгээ” болно гэж үзжээ. Ингээд Н.Энхбаярт МАН-ын Бага хурлын өмнөхөн уучлал үзүүлэв.

Н.Энхбаярыг уучилсан үйл явц үнэхээр МАН-ын дотоод нөхцөл байдалд нөлөөлжээ. Гэхдээ эрх баригчдын тооцоолсон шиг сөргөөр нөлөөлсөнгүй. "Ямар ч гэсэн Н.Энхбаярыг суллачихлаа, бид яахав?" гэсэн айдас МАН-ынханд үүсчээ. Үүний эхлэл болж У.Хүрэлсүх МАН-ын даргад өрсөлдөхөө болилоо гэж мэдэгджээ. Учир нь тэрээр МАН-ын дарга болохоор эртнээс бэлдэж байсан юм. Тиймээс “Шинэчилье” хөдөлгөөний залуусыг турхирахын зэрэгцээ Австралиас ирчихсэн намынхаа зарим дарга нартай тохироо хийж байжээ. Гэвч тэрээр Н.Энхбаяраас болоод өөрийн бодлогоосоо нэг алхам ухралт хийв. Тэр ч бүү хэл Бага хуралдаа ч суусангүй. Хэрэв У.Хүрэлсүх намын дарга болвол Н.Энхбаяртай хийх тулалдаан нь ихсээд МАН улам туйлдаж хагарна гэсэн болгоомжлол байжээ.
Тэгээд ч У.Хүрэлсүхийн бүлэглэл Н.Энхбаярыг “аавынд” байх хугацаанд хамгийн их “дэвсэлсэн”. Тэр ч бүү хэл У.Хүрэлсүхийн удирдлагаар Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар МАН анх удаа түүхэндээ бие биенийхээ эсрэг жагсаж байлаа шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй түүний залуус Сүхбаатарын талбай дээр авлигалын зурган хана босгож тэрийгээ нурааж байсан юм. Түүнийгээ Н.Энхбаярын авлигалын ханыг нурааж байгаа юм гэж Л.Оюун-Эрдэнэ тайлбарлаж байсан. Бас Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй тавьтаргүй залуус Н.Энхбаярын зурган дээр гишиглэж, дэвсэж байсан. Тэгээд дараа нь Ж.Мөнхбат “Хогийн шүүр” шүлгээ уншиж Н.Энхбаярын авлигалын ханыг өөрийнх нь зурагтай түмний нүдэн дээр шүүрдээд хог дээр хаяж байж билээ. Харин энэ намын эрүүл сэтгэдэг залуус уг үйлдлийг эсэргүүцэн жагсаалд оролцоогүй байдаг. Тэр ч бүү хэл энэ жагсаалаас болж МАН-ын тухайн үеийн удирдлага Сү.Батболд, У.Хүрэлсүх хоёрын хооронд таагүй харилцаа үүсэж байсан мэдээлэл хэвлэлийн хуудаснаас арилаагүй байна. Учир нь МАН-ын дарга Сү.Батболд залуусын энэ үйлдлийг эсэргүүцэж байж. Дээр нь УИХ дахь МАН-ын гишүүд ч Н.Энхбаярыг авлигалын ханыг нураах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаас болоод хоёр хуваагдаж байсан юм.
Энэ мэтээр Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын гүн зөрчил бий. Тэр зөрчилөөсөө сэрэмжилсэн У.Хүрэлсүх намын дарга болохоосоо энэ удаа татгалзлаа. Түүнд дахиж боломж ирэхгүй ч байж мэднэ.
Үүнээс гадна Н.Энхбаярыг суллагдсаны дараа У.Хүрэлсүхийн намын удирдлагад зүтгэж байсан залуусын хүч илэрхий суларсан гэж эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл “арслан” эргэж ирж байгаа учраас түүний эсрэг олон бүтэлгүй үйлдэл хийсэн “зулзаганууд” айж чичирч эхэлжээ. Ингээд Н.Энхбаярын уучлагдсан үйл явц У.Хүрэлсүх болоод түүний залуусын санаархалд нөлөөлж. Үүнийг дагаад МАН дахь хүчний хувиарлалтад ч өөрчлөлт орох гэнэ. Ийм үйл явцыг тооцож эрх баригчид Н.Энхбаярыг МАН-ын Бага хурлын өмнө сулласан шалтгаан тодорхой болж эхэллээ.

24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ