Өмнөд Солонгос агаарын хилийг нь зөрчсөн Орост албан ёсны эсэргүүцэл илэрхийлэв
Өмнөд Солонгосын Токто арлын орчимд тус улсын агаарын хилийг Оросын пуужин тээгч “Ту-95МС” бөмбөгдөгч онгоц өчигдөр орон нутгийн цагаар 09.00, 0930-д хоёр удаа зөрсөн тухай “Yonhap” агентлаг уламжиллаа.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээллээр, тус улсын агаарын хилийг Оросын гурав, Хятадын хоёр байлдааны онгоц зөрчсөн ажээ. Түгшүүрээр агаарт хөөрсөн Өмнөд Солонгосын сөнөөгч онгоцууд Оросын “Ту-95МС” онгоцонд нэг км дөхөж очин урдуур нь сануулгын гал нээжээ.
Болсон үйл явдалтай холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас Оросын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Патрушевт албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн байна. Үүнээс гадна Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам тус улс дахь Оросын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Максим Волковыг дуудан эсэргүүцлийн ноот гардуулжээ.
Оросын Батлан хамгаалах яам үүний хариуд мэдэгдэл хийхдээ, Орос, Хятадын зэвсэгт хүчний онгоцууд Ази, Номхон далайн бүсэд агаарын хамтарсан эргүүл хийсэн бөгөөд аливаа улсын агаарын хилийг зөрчөөгүй гэсэн байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ