Саран дээр буух Энэтхэгийн “Чандраян-2” хөлгийг амжилттай хөөргөжээ

Энэтхэгийн Шрихарикота арал дахь сансрын буудлаас өчигдөр орон нутгийн цагаар 14.43-т Саран дээр буух “Чандраян-2” хөлгийг амжилттай хөөргөсөн тухай тус улсын сансар судлалын ISRO байгууллага мэдээлжээ.

Энэ сарын 15-нд тус хөлгийг хөөргөхөөс 56 минутын өмнө техникийн доголдол илэрсэн тул яаралтай зогсоон тодорхой бус хугацаагаар хойшлуулахад хүрсэн билээ. “Чандраян-2” нь 384 мянган км туулж тав гаруй долоо хоногийн дараа Саранд хүрэх ажээ. Хөлөг онгоц Сарны өмнөд туйлд анх удаа буулт хийх юм. 

ISRO-гийн тооцож буйгаар ирэх есдүгээр сарын 6-7-нд 27 кг-ын жинтэй зургаан дугуйтай өөрөө явагч бүхий буугч аппарат Саран дээр газардах ажээ.

“Чандраян-2” нь Саран дээр ус ба эрдэс бодис хайхаас гадна газар хөдлөлтийн давтамжийг хэмжих юм байна. Нарны эрчим хүчээр ажилладаг өөрөө явагч Саран дээр 14 хоног ажиллан Дэлхий рүү дүрс болон бусад мэдээллийг дамжуулах ажээ.

“Чандраян-2” хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Энэтхэг улс Орос, АНУ, Хятадын дараа саран дээр буулт хийсэн дөрөв дэх орон болох юм.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ