Ираны эрх баригчид Британийн хөлөг онгоцыг олзолжээ

Ираны эрх баригчид баасан гарагт Ормузын хоолойд зорчиж байсан газрын тос тээвэрлэгч хоёр хөлгийг олзолсон болохыг Британийн гадаад хэргийн яам мэдээлжээ.

Тэдгээрийн нэг нь Британийн далбаатай хөлөг байсан бол нөгөө нь Либерийн далбаатай байсныг гадаад хэргийн сайд Жереми Хант баталсан байна. Удалгүй Либерийн далбаатай хөлгийг суллан явуулсан тухай Ираны Фарс агентлаг мэдээлжээ. Жереми Хант хөлөг онгоц олзолсон явдлыг буруутгаад засгийн газрын шуурхай хуралдаан зарласан байна.

Энэ үеэр АНУ 500 орчим цэрэг, нисэх онгоц, пуужинг Саудын Арабт илгээх шийдвэр гаргасан юм. Гэхдээ энэ нь Британийн хөлгийг олзолсон хэрэгтэй холбоогүй, хэдэн долоо хоногийн өмнөөс гаргасан шийдвэр гэдгийг Пентагон тайлбарлажээ. Цэрэг, зэвсэг илгээсэн алхам нь бүс нутгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилготой тухай Саудын Арабын тал мэдэгджээ.

Британийн Stena Impero нэртэй тээвэрлэгч хөлгийг Ираны тал олзолсон явдал нь Тегеран, Өрнөдийн хооронд үргэлжилж байгаа сөргөлдөөн оргилдоо хүрснийг харуулж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ