Мексикийн хар тамхины мафийн толгойлогчыг бүх насаар нь хорино

Мексикийн хар тамхины мафийн босс “Эль Чапо” хочит Хоакин Гузманд АНУ-ын шүүх бүх насаар хорих ял оноолоо.

Өнгөрсөн хоёрдугаар сард Нью Йоркийн холбооны шүүх 62 настай Гузманыг хар тамхи хилээр нэвтрүүлсэн, мөнгө угаасан зэрэг нийт 10 төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоосон юм.

Өчигдрийн шүүх хурлаар бүх насаар хорих ялаас гадна галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэрэгт нь нэмэлт 30 жил хорих бэлгэдлийн ял оноожээ. Бас АНУ-д хар тамхи зарж олсон $12.6 тэрбумын орлогыг буцаан төлүүлэх шийдвэр гаргасан байна.

Мексикт хоригдож байхдаа хоёр удаа шоронгоос оргосон Гузманыг 2017 онд АНУ-ын талд шилжүүлж өгсөн юм. Өчигдөр шүүх хурлын дараа түүнийг үлдсэн бүх насаа өнгөрөөх Колорадо дахь өндөр хамгаалалттай шоронд шилжүүлжээ.

Гузманы эхлүүлсэн Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийн дайн 10 гаруй жил үргэлжлэх хугацаанд 100 мянга орчим хүн амиа алдсан гэдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ