Путин: Орос, Украин хоёр ойртон нягтрах нь зайлшгүй
"Орос, Украин хоёр ойртон нягтрах нь зайлшгүй" гэж ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. ОХУ, Украины хооронд хэвийн найрсаг, бүр холбоотны харилцаа тогтоох нь гарцаагүй гэж оросын төрийн тэргүүн хэлжээ. Тэрээр Америкийн найруулагч Оливер Стоунтай ярилцахдаа ингэж мэдэгдсэн байна. Энэхүү ярилцлага “Украины төлөө тэмцэлд” кинонд оржээ. Оливер Стоуны уг киног Италийн Таормина хотод болсон кино наадам дээр үзүүлсэн байна.
Гэхдээ одоо хоёр орны харилцаа амаргүй байгааг Владимир Путин онцлон тэмдэглэжээ. "Энэ нь Майданд болсон төрийн эргэлт болон Украины суртал нэвтрүүлэг Оросыг бүхий л эмгэнэлт хэрэг явдлын буруутан мэтээр үзүүлэн, харилцааг ээдрээтэй болгож байгаа хэцүү хэрэг явдлуудаас үүдсэн юм" гэж Путин хэлсэн байна. Майданы хэрэг явдалд Гүржийн мэргэн буучид оролцож, Украины цагдаагийн тусгай зориулалтын “Беркут” ангийнхан болон Майданы идэвхитнүүдийн аль алиныг буудаж байсан юм гэж Путин бас дурджээ.
Тэр үед ерөнхийлөгч байсан Виктор Янукович хүч хэрэглэсэн гэдгийг Владимир Путин бүрэн үгүйсгэсэн байна. “Харин төрийн эргэлт хийх шалтаг хайж байсан хүмүүс л хүч хэрэглэсэн байж болно” гэж Путин онцлон тэмдэглэжээ.
Эрх баригчдыг хүч хэрэглэн солисны дараа Украины удирдлага Донбассын хүн амын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Оросын тал Донбассын мөргөлдөөнд оролцогч биш гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан билээ.
Орос, Украинчууд нэг ард түмэн гэдгийг Путин найруулагч Оливер Стоуны кинонд дурдсан байна. Стоуны “Украины төлөө тэмцэлд” баримтат кино долоодугаар сарын 19-нд “Россия 1” сувгаар гарах аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ