Тусгай албаныхан алан хядагчидтай тулалдан шархадсан охиныг аварчээ

Их Британийн тэнгисийн цэргийн тусгай албаны найман байлдагч шархадсан афган охиныг гэр бүлтэй нь аврахын тулд “Исламын улс” бүлэглэлийн 100 гаруй алан хядагчтай хүч тулаан хийсэн тухай “The Daily Star” сонинд мэдээлжээ.

  Тусгай албаныхан Афганистанд эргүүл хийж яваад ойрхон бөмбөг дэлбэрэхийг сонссон аж. Тэднийг хэргийн газар ирэхэд нэгэн гэр бүл зорчиж явсан автомашин бөмбөгт дэлбэрсэн байжээ. Нэг хүн газар дээрээ амьсгал хураасан бөгөөд шархадсан бяцхан охинд анхны тусламж үзүүлэн цус алдалтыг нь зогсоожээ.

Энэ үеэр тусгай албаныхныг зуу гаруй алан хядагч довтолсон ч тэд шархадсан охинтой энгийн иргэдийг орхихыг хүсэлгүй хүч тэнцүүгүй тулалдаан хийн барилгын цогцолборын балгас руу ухарсан байна. Тусгай албаныхан хориглолт хийн зургаан цагийн турш тулалдаад, харанхуй болоход шөнө хардаг багаж ашиглан хуурамч давшилт хийн бүслэлтээс гарч, шархадсан охиныг гэр бүлийнхнийх нь хамт аварч чаджээ.

Н.Түвшин   

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ