Оросын тэнгисийн цэргийн шумбагч аппаратад түймэр гарч 14 хүн амь үрэгджээ
Баренцийн тэнгисийн ёроолыг судлах ажил гүйцэтгэж байсан Оросын тэнгисийн цэргийн флотын гүнийн шумбагч аппаратад түймэр гарч 14 хүн амь үрэгдсэн тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.
Амь үрэгдэгсдээс хоёр нь Оросын баатар, долоо нь нэгдүгээр зэргийн ахмад цолтой байжээ. Шумбагч аппаратын бие бүрэлдэхүүн түймрийг шуурхай унтрааж чадсан бөгөөд тус аппарат одоо Североморск дахь тэнгисийн цэргийн баазад байгаа аж.
Оросын Ерөнхийлөгч ба зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Владимир Путин амь үрэгдэгсдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг түймэр гарсан шалтгааныг газар дээр нь нарийн судалж тогтоохыг даалгажээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ