Эрхүү мужийн үерт 14 хүн амь эрсджээ
Оросын Эрхүү мужид үргэлжилж буй үерт 14 хүн амь эрсдэн 13 хүн сураггүй алга болж, бэртэж гэмтсэн 153 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тухай тус мужийн Онцгой албанаас мэдээлжээ.
Саяаны нуруунаас эх аван Ангар мөрөнд цутгадаг голууд олон хоногийн аадар борооны улмаас үерлэж, Эрхүү мужийн Хүйтэн, Доод Үд, Тайшет, Жим, Тулун, Чун дүүргүүдийн 33 мянган хүн оршин суудаг 83 хот, суурин усанд автжээ. Арван мянга шахам хүн амьдардаг 3300 гаруй орон сууц, 13 гүүр, олон арван км засмал зам эвдэрсэн байна.
Үерийн бүсэд хоёр мянга гаруй онц байдлын ажилтан, цэргийн албан хаагч, 300 гаруй цэргийн болон тусгай техникийн хэрэгсэл, “Ан-12” онгоц, “Ми-8” нисдэг тэргүүд татан ажиллаж байгаа аж. Урьдчилсан тооцоогоор үер 1.1 тэрбум рублийн хохирол учруулаад байгаа аж.
Оросын Засгийн газар амь үрэгдэгсдийн ар гэрт нэг сая рубль, хүндээр бэртэж гэмтсэн хүмүүст 400 мянган рубль, хөнгөн бэртсэн хүмүүст 200 мянган рублийн нөхөн төлбөр тус тус олгож эхэлжээ. Түүнчлэн эд хогшлоо алдсан хүмүүст 100 мянган рубль олгож эхэлсэн байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ