Доналд Трамп Хойд Солонгост хөл тавьсан Америкийн анхны Ерөнхийлөгч болов


Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Осака хотноо “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа өчигдөр Өмнөд Солонгост айлчлан Сөүлд тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хэлэлцээ хийжээ.

Доналд Трамп Сөүлд байхдаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай холбоо барин хоёр Солонгосын хил дэх Панмунжомын зэвсэггүй бүсэд биечлэн уулзах гэнэтийн санал тавьжээ. Хоёр тал урьдчилан ярилцаж тохиролцоогүй ч Ким Жон Ун Доналд Трампын хүсэлтийг хүлээн авсан байна.

Доналд Трамп Панмунжомын Өмнөд Солонгосын тал дахь Эрх чөлөөний ордон, Ким Жон Ун Хойд Солонгосын тал дахь Нэгтгэлийн ордноос зэрэг гаран хилийн зурвас дээр уулзан гар барьжээ.

Үүний дараа Ким Жон Ун Доналд Трампыг Хойд Солонгосын газар нутагт алхан орохыг урьсан юм.  Ингэснээр Доналд Трамп Хойд Солонгост хөл тавьсан Америкийн анхны Ерөнхийлөгч боллоо.

Хоёр орны удирдагч улмаар Өмнөд Солонгосын талд ганцаарчлан уулзаж, дараа нь хэвлэлийн бага хурал хийжээ.

Доналд Трамп хэлэхдээ, “Миний саналыг хүлээн авч уулзсанд Хойд Солонгосын удирдагчид маш их талархаж байна. Хэрэв ноён Ким Жон Ун энд ирээгүй бол хүлээн аваагүй бол хэвлэлийнхэн намайг мөн ч ихээр элэглэх байсан биз ээ. Би Хойд Солонгосын газар нутагт хөл тавьснаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Энэ бол түүхэн үйл явдал бөгөөд хоёр орны харилцаанд дэвшил гарч буйн илрэхийлэл боллоо” гэжээ.

Ким Жон Ун Америкийн удирдагчтай дахин уулзсандаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, “Үнэнийг хэлэхэд тантай энд ингэж уулзана гэж бодож ч байсангүй” гэжээ.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ