Эрхүүгийн мужид 28 хот, суурин усанд автсан хэвээр байна
Оросын Эрхүүгийн мужид олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас өнгөрсөн сарын 25-наас эхлэн Саяаны нуруунаас эх авч Ангар мөрөнд цутгадаг голууд эргээсээ хальж үерлэсэн билээ. Аадар бороо зогссон ч тус мужийн 28 хот, суурингийн 4200 гаруй хүн оршин суудаг 1700 орон сууцны барилга, байшин усанд автсан хэвээр байгаа аж.
Үерийн уршгаар таван хүн амь үрэгдэн хоёр хүн сураггүй алга болсон бөгөд 500 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсээс 1161 хүнийг 15 түр байрлах цэгт нүүлгэн шилжүүлсэн байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Японы Осакад болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаас Эрхүүгийн мужийн Братск хотноо хүрэлцэн ирж, шуурхай хуралдаан хийж, байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд яаралтай бүх талын тусламж үзүүлэн нөхөн төлбөр олгож эхлэхийг даалгажээ.
Тэрээр түүнчлэн усанд автсан хот суурингуудыг хүйтний улирал эхлэхээс өмнө сэргээн босгох ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг зохих албан байгууллагуудын удирдлагад даалгасан байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ