Умард Солонгос “түүхэн” уулзалт гэж тодорхойлжээ
АНУ, БНАСАУ-ын удирдагчид зургаадугаар сарын 30-нд хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд уулзав.
Пханмүнжомын цэрэггүй бүсэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны хийсэн уулзалтыг Умард Солонгост “түүхэн”, “гайхалтай” уулзалт хэмээн тодорхойллоо гэж РИА Новости агентлаг уламжилжээ.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг энэ үйл явдлыг “гайхалтай” явдал гэж тодорхойлоод, БНАСАУ, АНУ-ын удирдагчид Солонгост гал зогсоох тухай хэлэлцээр байгуулснаас хойш 66 жилийн дараа гар барьсан нь “түүхэн учир холбогдолтой” юм гэж онцлон тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн ням гарагт Трамп, Ким Чен Ун нар цэрэггүй шугамын хоёр талаас гар барьж, дараа нь Пханмүнжомын хэлэлцээний байранд уулзжээ. Уулзалтын үеэр Өмнөд Солонгосын удирдагч Мүн Жэ Ин бас байлцсан байна.
Хэлэлцээний үеэр Америкийн ерөнхийлөгч Умард Солонгосын удирдагчийг Вашингтонд урихад бэлэн байгаагаа илэрхийлсэнийг өмнө нь мэдээлсэн юм. Харин Ким Чен Ун Трампыг Пхеньянд айлчлахыг урьжээ.
Түүнчилэн хэлэлцээний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлана гэдэгт найдаж байгаа илэрхийлсэн байна.
Хоёр удирдагчийг уулзах үеэр аятайхан байрлал эзлэх гэсэн Америк, Умард солонгосын сэтгүүлчид шөргөөцөлдсөнийг мөн мэдээлж байсан юм. Энэ үеэр Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефани Гришэм бага зэрэг бэртжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ