Прагт 250 мянган хүн Чехийн Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагсчээ
Чехийн нийслэл Прагийн “Летна” цэцэрлэгт хүрээлэнд тус улсын өнцөг булан бүрээс 250 мянган хүн өчигдөр цугларч тус улсын Ерөнхий сайд, тэрбумтан Андрей Бабишийг огцрохыг шаардан жагсчээ.
Хэд хоногийн өмнө тус улсын Цагдаагийн газар Андрей Бабишийг Европын холбооны хоёр сая еврогийн тэтгэлгийг хувьдаа завшсан хэмээн буруутгасан аж. Үүний дараа Европын комисс Чехийн Ерөнхий сайдыг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэжээ.
Тээврийн компаниудын мэдээлснээр, Прагт ирэх бүх галт тэрэг, автобусны тасалбарыг өнгөрсөн долоо хоногийн эхээр урьдчилан худалдан авчээ. Үүнээс гадна жагсаалыг зохион байгуулагчид тусгай автобусуудаар цуглаанд оролцогчдыг тээвэрлэсэн гэнэ.
Жагсаалыг “Ардчиллын төлөөх сая сая агшин” олон нийтийн байгууллага зохион байгуулжээ. Жагсаалд сөрөг хүчнийхэн оролцоогүй ч жагсагчидтай эв нэгдэлтэй буйгаа удаа дараа мэдэгдсэн байна.
Чехийн сөрөг хүчнийхэн ирэх лхагва гаригт тус улсын парламентад Ерөнхий сайд Андрей Бабишт итгэл үзүүлэх эсэх талаар санал хуралт явуулахыг батлуулж чадсан байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ