Ким Чен Ун Трампаас захидал авчээ

 

    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас захидал хүлээж авсан байна.  Ёнхап агентлаг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлснийг иш татан ингэж уламжилжээ.

Тус агентлагийн бичсэнээр, БНАСАУ-ын тэргүүн захидлын агуулгатай танилцаад, үүнийг маш сайн илгээлт  хэмээн тодорхойлсон байна. Ким Чен Ун зоригтой  санаа гаргасан Трампад талархал илэрхийлээд, Америкийн удирдагчийн илгээлтийг нягтлан судлаж байна гэжээ. 

     Захидалд юу гэж бичсэнийг тус агентлаг тодруулж мэдээллээгүй байна.

  Хойд Солонгосыг  цөмийн зэвсэггүй болгох Ким Чен Уны бодолд  итгэж байна гэж АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн албаны тэргүүн Морган Ортагус зургаадугаар сарын 17-нд мэдэгдсэн юм.  БНАСАУ цөмийн зэвсгээс татгалзах амлалтаа удахгүй биелүүлнэ гэдэгт Америкийн тал итгэж байна гэж Ортагус хэлжээ. 

   Сүүлийн нэг жилд Ким Чен Ун, Трамп нар хоёр удаа уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал хэлэлцсэн билээ.  Өмнө нь энэ талаар тохиролцсон хэдий ч,  Умард Солонгос цөмийн шинэ туршилт хийсэн байж магадгүй тухай мэдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр байнга гардаг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ