Трамп Ирантай байлдахыг хүссэнгүй
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай дайтаж, их эвдрэл сүйтгэл учруулахыг хүсээгүй байна. Америкийн удирдагч телевизийн NBC компанид өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.
“Би дайтахыг хүсэхгүй, хэрвээ дайн дэгдэж гэмээ нь хэн ч үзэж харж байгаагүй эвдрэл сүйтгэл учирах байсан” гэж Трамп тэмдэглэсэн байна. АНУ Ирантай хэлэлцээ хийж эхлэх талаар ямар ч болзол тавихгүй гэж тэр бас батлан илэрхийлжээ.
“Иранчууд цөмийн зэвсэгтэй болж болохгүй” гэж тэр бас хэлсэн байна. “Хэрвээ тэд үүнийг хүсч байгаа бол, сайн. Эс бөгөөс эдийн засаг дампуурсан нөхцөлд удаан тэсч чадахгүй” гэж тэр дурджээ. Энэ нь Америкийн эдийн засгийн хориг арга хэмжээг хэлж байгаа хэрэг юм.
АНУ-ын цэргийн нисэх онгоцуудыг агаарт хөөрөхөөс өмнөхөн шахуу Иранд цохилт өгөхийг цуцласнаа Америкийн удирдагч тэмдэглэжээ. Цэргийн ажиллагаа явуулвал, 150 орчим Иран хүн амь үрэгдэнэ гэдгийг өөрт нь мэдэгдсэний дараа тэр ийм шийдвэр гаргаснаа батлан илэрхийлсэн байна.
Мөн зайнаас удирддаг нисэх төхөөргийг сөнөөхөд, ойролцоо нь нисч явсан Америкийн тагнуулын нэг нисэх онгоцыг Иран бас устгаж болох байсан ч, ингээгүй ажээ. Ираны лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын агаар-сансрын хүчний командлагч бригадын генерал Амир Али Хажизаде ингэж мэдэгдсэн байна. Америкийн энэ нисэх онгоцонд багийн 35 хүн сууж явжээ.
Тус корпусын агаар-сансрын хүчин нисэгчгүй томхон нисэх аппаратын нэг болох америкийн RQ-4 Global Hawk-ийг сөнөөснөө зургаадугаар сарын 20-ны өглөө мэдээлсэн юм. Энэ нисэгч аппарат нь 200 сая долларын өртөгтэй бөгөөд далавчны хэсэг нь барагцаалвал 36 метр, урт нь 13,3 метр, нислэгийн жин нь ойролцоогоор 15 тонн ажээ.
Ираны зэвсэгт хүчин нисэх төхөөргийн эвдэрхий хэлтэрхийнүүдийг зургаадугаар сарын 21-нд сэтгүүлчдэд үзүүлсэн байна. Эдгээр эвдэрсэн хэлтэрхийг чухамхүү Ираны харъяа уснаас гаргаж авсан гэж Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус мэдээлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ