Гүржид Оросын төлөөлөгчийн зохисгүй үйлдэлд дургүйцсэн иргэд жагсч үймээн дэгдээжээ
Гүржийн парламентын танхимд өчигдөр Парламент хоорондын Христийн ортодокс буюу үнэн алдарт шашны ассамблейн 26 дахь чуулганыг олон улсын тус байгууллагын ерөнхийлөгч, Оросын Төрийн Думын гишүүн Сергей Гаврилов нээж үг хэлжээ.
Гэвч тэрээр Гүржийн парламентын даргын суудалд суун үг хэлсэн нь тус улсын парламент дахь сөрөг хүчний төлөөлөгчдийн дургүйцлийг хүргэсэн тухай “Sputnik Georgia” агентлаг мэдээлж байна. Сөрөг хүчнийхэн парламентын даргын суудал болон индэрийг бүслэн эсэргүүцлээ илэрхийлсэн аж.
Үүнээс үүдэн 25 орны парламентын төлөөлөгч хүрэлцэн ирсэн ассамблейн чуулганы хуралдаан тасалдаж, Оросын төлөөлөгчдийг Гүржийн парламентаас хамгаалалт дор гаргахад хүрчээ. Парламент дахь “Гүржийн мөрөөдөл” фракцийн удирдагч Мамука Мдинаразегийн хэлснээр, ассамблейн чуулганыг уг нь тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, Грекийн парламентын гишүүн хөтлөх ёстой байсан гэнэ.
Болсон үйл явдлын дараа бухимдсан иргэд парламентын ордон ба Оросын төлөөлөгчид байрласан зочид буудлын өмнө олон мянгаар цугларч эхэлжээ. Гэвч Гүржийн Дотоод хэргийн яамны онцгой албаныхан жагсагчдын эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн төдийгүй резинэн сумтай буугаар буудан цуглааныг тараах болсон байна.
Жагсагчидтай нэгдсэн Гүржийн сөрөг хүчнийхэн тус улсын парламентын дарга Ираклий Кобахизе, иргэдийн эсрэг хүч хэрэглэх тушаал өгсөн Дотоод хэргийн сайд Георгий Гахария нарыг огцруулахыг шаарджээ.
Онцгой албаныхан парламентын ордны өмнөх талбайг жагсагчдаас чөлөөлөх үед 30 жагсагч, 39 цагдаа бэртэж гэмтсэн байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ