АНУ, Ираны дайтах магадлал. “Stratfor” компанийн таамаглал

   АНУ, Ираны хооронд түгшүүртэй байдал шатлан өргөжиж  буй нөхцөлд Персийн буланд томхон  цэргийн мөргөлдөөн дэгдэх эрсдэл ихсэж байна гэж “сүүдрийн Тагнуулын төв газар” гэгддэг хувийн  тагнуулын “Stratfor” компани үзэж байна.

АНУ энэ бүс нутаг руу нисэх онгоц тээгч цохилтын бүлэглэлүүдийг илгээн, тэнд цэргийн хүчээ зузаатгаж байгаа юм. Ираны тал армиа байлдааны  бэлэн байдалд оруулж, цөмийн хэлцлээс гарахаар сүрдүүлж байна. Тийнхүү дээрх компанийн өгүүлэлд АНУ, Ираны хооронд  дайн өдөөж мэдэх хүчин зүйлсийг дурджээ. 

АНУ, Ираны аль алинд нь дайтахыг хүсэгч  талынхан бий

Нефть тээвэрлэгч хөлөг  онгоцуудад халдсан  тэр газарт авсан арав гаруй гэрэл зургийг АНУ-ын БХЯ зургаадугаар сарын 17-нд нийтлүүлэхдээ Вашингтоны засаг захиргаа энэ хэрэг явдалд Ираныг буруутгаж байгаа юм.  Ираны лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын хөнгөн хөлөг онгоцны багийнхан шингэн тээвэрлэгч нэг хөлөг онгоцноос дэлбэрээгүй мина авч байгаа нь зургаас тодорхой харагддаг байна. Энэ үед Америкийн тэнгисийн цэргийн хүчний МН-60R нисдэг тэрэг хэрэг явдал болсон газрын хавьд байж, зургийг нь авчээ. 

Үүний хариуд  АНУ Персийн булан руу нэмэлт хүчин, тухайлбал бас нэг мянган цэрэг, нисэх онгоц тээгч “Abraham Lincoln” хөлөг онгоцоор толгойлуулсан нисэх онгоц тээгч хөлөг онгоцны цохилтын бүлэглэл, В-52 бөмбөгдөгч нисэх онгоцны тактикийн бүлэглэлийг  илгээж байна.

Иран ч зүгээр суугаагүй бөгөөд  өөрийн армийг дайнд бэлтгэж байгаа юм. Ойрын үед Иран “цөмийн хэлцлийн” бас нэг гол заалтыг биелүүлэхээс татгалзаж  болох юм гэдгээ  зургаадугаар сарын 17-нд бас зарлажээ. 

Америк, ираны эрх баригчдын энэ үйлдэл нь  дайн дэгдэх эрсдэлийг үлэмжхэн ихэсгэж  байгаа юм.  АНУ, Ираны аль алинд нь халуухан шиг мөргөлдөөн дэгдээхийг хүсэгч хүчин байгаа нь байдлыг улам ноцтой болгож байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхийн албан тушаал хашдаг  бөгөөд харцага гэгддэг Жон Болтон Цагаан ордонд энэ бүлгийг  тэргүүлж байгаа юм.

Иранд  энэ нь зэвсэгт хүчнээс тусдаа ажиллаж,  банк, санхүүгийн секторыг оролцуулан ираны эдийн засгийн талыг хянадаг Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус  юм. Гэвч дайн хэтдээ бүс  нутагт улс төр, эдийн засгийн болон эрчим хүчний ноцтой үр дагавар дагуулж, харин АНУ-ын анхаарлыг   Хятад, Оростой хийж буй өрсөлдөөнөөс   хөндийрүүлж болох  бөгөөд Дональд Трампын талын олон хүн болон Пентагон  үүнээс болгоомжилж  байгаа юм. 

Талууд харилцан дайсагнаж, бие биедээ итгэдэггүй, дээр нь  мөргөлдөөнт нөхцөл байдлыг даруй түргэн шийдвэрлэх холбооны суваг тэдний хооронд байхгүй байна.  

Ираны талын сонголт: түрүүлж цохилт өгөх үү, эсвэл ялагдах уу

АНУ-ын зэвсэгт хүчин уламжлал ёсоор үлэмж давуу байдалтайг  ойлгохдоо Ираны эрх баригчид дайн хийх өөр  аргад олон арван жилийн турш хөрөнгө оруулж ирсэн юм.

Энэ нь АНУ-д илүү үр нөлөөтэй цохилт өгөхийн тулд  тойруу аргаар дайн хийдэг  сайн дурын цэрэг, баллистик пуужин, тэнгисийн мина, байлдааны хурдан хөнгөн хөлөг онгоцууд, түүнчилэн  Персийн булангийн ойр хавь болон бүс нутгийн стратегийн бусад гол гол  объектын эрчим хүчний дэд бүтцийн хөгжлийг  хэлж байгаа юм. 

Ираны эрх баригчид нефть болон байгалийн шингэрүүлсэн хийний нийлүүлэлтийн 40 хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаах өөрийн гол  аргыг хэрэглэхдээ, Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын тэнгисийн хүчний хэрэгсэл, тодруулвал минийн  хаалт, пуужинт болон торпедын хөнгөн хөлөг онгоц, зэвсэглэсэн хурдан хөнгөн хөлөг онгоц, эрэг дэх  хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужинг ашиглаж болох юм. 

Гэвч  мөргөлдөөн эхлэхээс өмнө Ираны үйлдэж болох өдөөн хатгалгын  явцад  АНУ  өөрийн боомт болон базуудаас маш ончтой цохилтоор энэ бүх хүчнийг төвөггүй устгаж чадна.

Персийн булан дахь АНУ, Ираны хүчин

Өөрөөр хэлвэл, Америк болон түүний холбоотнуудыг  Ираны хүчинд төвөг учруулахаас өмнө Ормузын хоолойн хавьд өөрийн бүх минаг тавьж, аль болох их хохирол учруулах Ираны боломж  тийм ч их бишээ.

      Ираны баллистик пуужингийн талаар ч мөн ийм зарчим хэрэглэж болох юм.  Хэрвээ Ираны тал Америкийн баазууд болон эрчим хүчний дэд бүтэцүүд рүү пуужин харвах цаг хугацааг алдахгүй бол,  АНУ эдгээр пуужинг амдан сөнөөх юмуу харвахаас нь өмнө устгаж чадна.

Хэлэлцээ хийх боломжгүй байдал

Дээр өгүүлсэнээр, хоёр орны хооронд   үр нөлөөтэй шууд холбоо  барих боломж байхгүй нь  АНУ, Ираны сөрөг төвлөрөл  улам газар авах  өөр нэг хүчин зүйл  болж байгаа бөгөөд ингэж холбоо барьж чадахгүй байгаа нь үл итгэх явдлыг улам бүр лавшируулж  байгаа юм. 

Иран, АНУ  хоёр хямралт нөхцөл байдал  үүсэхээс сэргийлэхийн тулд  түргэн зуур холбоо барьж чадах уу гэсэн асуултад Ираны ГХЯ-ны тэргүүн Жавад Зариф хариулахдаа,  би АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Жен Керритэй цаг алдалгүй  хэлэлцээ хийж байсан бол, түүнийг залгамжлагч Майк Помпеотай нэг ч удаа уулзаж байгаагүй гэж мэдэгджээ. 

Ингэхдээ тэд дайсагнан хандаж байгаа учир Америкийн сайдын ямар нэг утсанд хариу өгөх албагүй гэж Зариф онцлон тэмдэглэсэн байна.

Хэрвээ байдал хурцадвал, Иран, Америкийн төлөөлөгчид эцсийн бүлэгт бие биетэйгээ холбоо барьж чадах нь мэдээж, тийнхүү хямралт нөхцөл байдалд минут бүр чухал бөгөөд шууд холбоо барих боломжгүй байдал нь асуудлыг даамжируулахгүй байх хүч чармайлтад хор хүргэх нь мэдээж. 

Гэхдээ хоёр талын аль аль нь  том дайн хийхээс зайлсхийхийг мэрийж,  цэргийн бус арга хэрэглэж  болох юм. 

Гэвч  дээр дурдсан хүчин зүйлсээс болоод, ямар нэг  алдаа гаргах нь  түймэр гарах эхний оч болж мэдэх бөгөөд дараа нь хоёр орны илүү ухаалаг удирдагчид ч тэр галыг унтраах нь хэцүү байх болно. 


С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ