Ким Чен Ун хүүхэд байхдаа юу сонирходог байсан нь тодорхой болов
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хүүхэд байхдаа видео тоглоом сонирхож, буу шийдэмд дуртай нэгэн байжээ. “Вашингтон пост” сонины сэтгүүлч Анна Файфилдын бичсэн Кимийн намтарт ингэж бичсэнийг “Дейли мэйл” сонинд дурдсан байна.
Ном “Аугаа их өв залгамжлагч: Ким Чен Уны нууцлаг дэвшилт ба засаглал” гэдэг нэртэй ажээ. Номонд Хойд Солонгосын одоогийн удирдагчийн хүүхэд насны тухай нэлээд дэлгэрэнгүй бичсэн байна. Файфилд түүнийг биечилэн таньдаг байсан хүмүүсийн үгээр тэр он жилүүдийн тухай бичжээ.
Кимийг маш их эрхлүүлдэг байсан бөгөөд тэр автомат тоглоом болон кинотеатр бүхий тусгай хаалттай хотхонд өссөн байна. Тэрээр Super Mario гэдэг цуврал тоглоомд нугасгүй нэгэн байснаас гадна, Бондын тухай кино үзэх дуртай байжээ. Долоо настайгаасаа түүнд тусгайлан зориулж өөрчилсөн машинаар явж, 11 настайгаасаа кольт 45 гар буу зүүж явдаг байсан байна.
12 настайд нь Кимийг Швейцарт сургахаар том ах руу нь явуулжээ. Тэд Берн хотын захын дүүрэгт нагац эгч Ко Ён Сукийн хамт суудаг байсан байна. Тэрээр тэдний яг эх шиг нь байжээ. “Бид жирийн нэгэн байшинд сууж, ердийн л нэг айл шиг байсан. Тэдний найз нөхөд нь ирж, би тэдэнд хоол хийж өгдөг байж билээ. Энэ нь төрсөн өдрийн баяр, бэлэг бүхий ердийн л хүүхэд нас байсан юм” гэж тэр ярьжээ.
Ким сургуульд сурч байхдаа сагсан бөмбөг дориун тоглож, харин түүнийг охидтой огт харьцдаггүй зожиг нэгэн хэмээн үздэг байжээ. Нэг удаа Кимийн хэлснийг ойлгосонгүй гэхэд тэр над руу нулимж, өшиглөж билээ хэмээн нэг ангийн охин нь сүүлд ярьсан байна.
Хойд Солонгосын удирдагч сурч байхдаа Францын өмнөд нутгийн Номин эрэгт бас очиж, Альпын нуруунд цанаар гулгаж, Парисын Диснейлендэд очихдоо Микки-Маузын чихтэй малгай өмсдөг байжээ.
Ким Чен Ун өлсгөлөн махчин загас бүхий аквариумд гэмтэн гэгдэх генералыг хаяж, цаазаар авах шинэ арга туршсан хэмээн саяхан мэдээлж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ