Египетийн экс-Ерөнхийлөгч шүүхийн танхимд нас баржээ


            Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурси шүүхийн танхимд цус харван нас барсан тухай тус улсын төв телевиз мэдээллээ.

            Тэрээр тагнуулын хэргээр шүүх хуралдаан дээр гол яллагдагч байсан аж. Мухаммед Мурси үг хэлсний дараа шүүгч хуралдаан завсарлага зарлахад тэрээр ухаан алдаж унан газар дээрээ нас баржээ.

            Олон жилийн өмнө тэрээр тархиндаа мэс заслын хагалгаа хийлгэсэн ба тэр цагаас хойш биеийн байдал нь үе үе эрс муудан татаж унадаг байжээ. Түүний өмгөөлөгчид ийм өвчтэй хүн шоронд ганц хүний өрөөнд хоригдож чадахгүй тул гэрийн хорионд шилжүүлэхийг удаа дараа хүссэн ч шүүх тэр бүрт татгалзсан хариулт өгдөг байсан аж.

            Мухаммед Мурси 2012 онд Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Ах дүү лалын шашинтнууд” холбооноос нэр дэвшин ялалт байгуулсан юм. Дараа жил нь тус улсад болсон олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр зэвсэгт хүчнийхэн төрийн эрх мэдлийг гартаа аван түүнийг албан тушаалаас нь түлхэн унагажээ.

            Түүнийг тагнуул хийсэн, улсаас урвасан, эсэргүүцэгчид рүү дайрах тушаал өгсөн зэрэг хэд хэдэн эрүүгийн хэрэгт буруутган зарим зүйл ангиар цаазаар авах, бүх насаар хорих ялын дүгнэлт гаргасан  ч хожим хэргийг дахин шалгахаар буцааж байжээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ