Путин Зеленскийтэй хэзээ уулзах вэ?

   Путин, Зеленский нарын уулзах тухай ярих нь эртдэнэ гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров саяхан сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

 “Украины шинэ удирдлага Минскийн тохиролцооны талаар болон ер нь Оросын чиглэлээр ямар бодлого баримтлахыг би хараахан мэдэхгүй байна. Тэндээс нэлээд  бүрхэг, тодорхой бус дохио ирж байгаа юм. Жишээлэхэд, Оростой хэлэлцээ хийх хэрэгтэй эсэх талаар нийт ард түмний санал хураалт явуулвал зохино  гэсэн яриа гарч байгаа” гэж сайд мэдэгджээ. Зеленский өөрөө Брюссельд айлчлахдаа  ОХУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн ярьж, "хий дамжуулах хойд хоолой”-н эсрэг нэгдэхийг европчуудад уриалаад, “эзэнт гүрний энэ төслийг нураахыг” зорих болно хэмээн амласан юм.

    “Одоо хоёр Ерөнхийлөгчийн биечилэн хийх уулзалтаас гарах ашиг тус  бага байх болно, учир нь  Украинд  Дээд радын сонгуулийн өмнөх ажил  үргэлжилж байгаа. Сонгуулийн өмнөх яриа зогсоогүй цагт, ямар нэг зүйлийн тухай тохиролцох нь туйлын хэцүү” гэж улс төр судлаач Владимир Жарихин хэлсэн  байна.

 Владимир Путин Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахын өмнө  Орос-Украины харилцааны гол гол асуудалд түүний хандах хандлагыг мэдэх учиртай.  Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков телевизийн “Россия-1” сувгийн “Москва. Кремль. Путин” нэвтрүүлгээр ингэж мэдэгджээ.

 “Энэ нь нэгдүгээрт,  Оросын талаар Украины баримтлаж буй найрсаг бус чиг шугам юм. Хоёрдугаарт,  Минскийн тохиролцооны талаар Украины баримтлаж байгаа  байр суурь. Зеленский  үүнд хэрхэн хандах  бол гэсэн ойлголт хараахан алга. Тиймээс Путин хүлээзнэсэн байр суурь баримтлаж байгаа” гэж Песков тайлбарласан байна.

  “Киевт чухамхүү юу болох тухай тодорхой бодол санаа харамсалтай нь одоогоор хэнд ч алга” гэж тэр хэлжээ.  

 С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ