Номхон далайд цацрагийн аюул нүүрлэжээ

      Номхон далай дахь  арлын жижигхэн улс экологийн сүйрлийн ирмэгт тулж ирээд  байна.   Маршаллын аралд цацраг идэвхит хаягдал бүхий булш эвдэрч эхлэжээ.  АНУ-ын цөмийн зэвсгийн туршилт хийж байсан газарт үүнийг 70-аад оны сүүлчээр байгуулсан байна. Хордсон газрын хөрсийг тэгэхэд зүгээр л булж,  дээрээс нь бетон цутгажээ.  Одоо энэ аюултай газарт ус нэвтэрч, цацраг идэвхи хөрсийг  идэж  эхлэсэн байна.

    Номхон далайн номин өнгөт усны дундах  асар том бетон булш огт гаднын юм шигээр харагддаг аж.  Америкийн цэргийнхэн үүнийг  бөмбөгөр оройт , харин Маршаллын арлын оршин суугчид оршуулгын газар  гэдэг байна. Энд цөмийн зэвсэг  туршсаны дараа үлдсэн цацраг идэвхит хаягдлыг бетон дор булжээ. 

  Маршаллын аралд мөөгөн хэлбэрт анхны үүлийг 1946 оны долоодугаар сарын 1-нд харцгаажээ.  Бикиний шүрэн аралд АНУ атомын бөмбөг туршиж эхлэсэн нь тэр юм. 

   Америкчууд ойр хавьд сууж байсан хүмүүсийг  мэдээж нүүлгэсэн ч,  барагцаалвал 13 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр хорджээ. Тэнгэрээс цацраг идэвхит үнс бууж байсан олон аралд хүүхдүүд аюултай гэдгийг огт мэдэлгүйгээр тоглодог байжээ. Урьд нь  Номхон далайн диваажин байсан Бикини арал ийм туршилтын дараа цацраг идэвхит цөл болсон байна.

            Зарим мэдээгээр,  дэлбэрэлтийн дараахан цацрагийн хэмжээ нэг цагт 8 мянга орчим рентген байжээ.  Энэ нь хүний хувьд үхэлд хүргэх аюулаас олон зуун дахин давсан хэмжээ юм.  Харин Бикини болон хөрш Эниветок шүрэн аралд 1946 оноос 1958 онд цөмийн 67 цэнэг дэлбэлжээ. Эдгээрийн дотор Castle Bravo төслийн хамгийн том устөрөгчийн бөмбөг байсан  гэнэ. Түүний хүчин чадал нь Хирошимад хаясан цэнэгээс нэг мянга дахин их ажээ.

Цацраг идэвхижлийг аюулгүй болгох талаар хорин жилийн дараа л бодох болсон байна. 1977 онд дээрээс нь бетон цутгаж, ингэснээр тэр бөөрөнхий орой бий болжээ.  Энэ нь түр шийдвэр хэмээн тэгэхэд ярьж байсан байна. 

Одоо АНУ-ын тал үүнийг ор тас мартжээ.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ