Ким Жон Уны Малайзид алуулсан ах Америкийн тагнуулч байжээ

2017 онд Малайзийн нийслэл Куала Лумпурын нисэх буудалд алуулсан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Нам АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлэгч байсан тухай “The Wall Street Journal” сонин баттай эх сурвалжаас мэдсэн хэмээжээ.

Ким Жон Нам Тагнуулын төв газартай хамтран ажиллаж, тус байгууллагын төлөөлөгчидтэй нэг бус удаа уулзсан гэнэ. Тэрээр 2017 оны хоёрдугаар сард алуулахдаа Малайзид Тагнуулын төв газрын төлөөлөгчидтэй уулзахаар очсон аж.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил агсаны том хүү түүний ээж нь алдартай жүжигчин Сон Хе Лим байжээ.

Ким Жон Нам 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Куала Лумпурын нисэх буудлаас эмнэлэг хүрэх замд түргэн тусламжийн машинд нас барсан юм. Тэрээр амьсгал хураахаасаа өмнө үл таних хүн түүн рүү нэгэн шингэн цацаад зугтсан гэж мэдүүлсэн ажээ. Малайзийн удирдлага мэдэгдэл хийхдээ, Ким Жон Нам “VX” хэмээх хориотой хорт бодисны улмаас нас барсан гэсэн билээ.

Нэг үе Ким Жон Намыг эцгээ залгамжлан Хойд Солонгосын удирдагч болно гэж үзэж байсан ч тэрээр 2001 онд Доминиканы хуурамч паспортоор Японд нэвтрэх гэж оролдсоноосоо хойш эх орондоо буцах эрхгүй болжээ. Тэр цагаас хойш Ким Жон Нам гадаадад, ихэвчлэн Макаод амьдарч байсан аж.

Энд тэмдэглэхэд, Ким Жон Намын Тагнуулын төв газартай хамтран ажиллаж байсан тухай “The Washington Post” сонины сурвалжлагчийн ном өнөөдөр худалдаанд гарах юм байна.

Б.Туг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ