ЖДҮ-ийн зээлийн төсөл хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах ажлын явц үргэлжилж байна.

Төсөл хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр /2019.06.10/ 17:30 цагт дуусч бүртгэлийн систем автоматоор хаагдах юм.

Иймд өнгөрсөн амралтын өдрүүдэд ЖДҮХС-ийн хамт олон уртасгасан цагаар ажиллалаа. Амралтын өдрүүдэд 09:00- 20:00 цаг хүртэл ажиллаж иргэд, аж ахуй нэгжид зөвлөгөө мэдээлэл өгч, төслийг нь хүлээн авсан байна. Өнгөрсөн баасан гариг /2019.06.07/-ийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирээд байна. Мөн ЖДҮХСангаас төслийн материал бүрдүүлэхтэй холбоотойгоор 1490 хүн биечлэн уулзаж зөвлөгөө авсан талаар ХХААХҮЯ-аас мэдээлэл гаргаад байна. Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирүүлжээ.

Мөн өнгөрсөн баасан гарагт хөнгөлөлттэй зээлийг дамжуулж олгох банкууд шалгарсан байна. ХААН, Хас, Төрийн банкуудын санал зохих журмаараа хянагдаж төсөл олгох жагсаалтад багтжээ. Эдгээр банкуудтайгаа ХХААХҮЯ хэлэлцээ хийж зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар хэлэлцээ хийх юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан төсөл хүлээн авах үйл явцтай танилцаж, иргэдэд чирэгдэл учруулахгүй түргэн шуурхай ил тод нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэх шаардлагатай байгааг ХХААХҮЯ-ны холбогдох газар хэлтэс, ЖДҮХС-ийн удирдлагуудад даалгасан байна.

ЖДҮХС-ийн удирдлагуудын мэдээлэл өгснөөр “ЖДҮХС олгож байгаа зээлийн гурван хувиар санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг журам өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн. Урьд жилүүдэд 3 хувийн санхүүжилтдээ багтан бүхий л үйл ажиллагаагаа явуулж байсан. ЖДҮХСан төсвөөс санхүүжилт авдаггүй байгууллага. Бид жижиг дунд үйдвэрийн хөгжлийн сангийн зардал, тооцоог нарийвчилж хийлгэж байна. Гурван хувийн хүүг 2 хувь болгох чиглэлд өртөг зардлаа хямдруулах үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид төслөө хүлээж авсны дараа зээл олгох банкуудтайгаа гэрээ хэлцлээ хийнэ. Ингэхээр зээлийн хувь хэмжээ тодорхой болно. ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл олгох үйл ажиллагаа хэвийн, тогтоосон графикийн дагуу явагдаж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ