Йеллоустоны галт уулын хавьд газар дор түлхэлт болж байгаа нь бүртгэгджээ
Портлендын улсын их сургуулийн геологийн профессор Скотт Бернс алдарт Йеллоустоны галт уулын ойр хавийн байдлыг тайлбарласан байна. Энд газар дор олон тооны түлхэлт болж байгааг эрдэмтэд бүртгэж байгаа ажээ.
Өнгөрсөн сард Йеллоустоны галт уулын хавьд 87 удаа их биш хүчтэй газар хөдлөснийг америкийн геологчид бүртгэсэн байна. Ийм идэвхижил нь алдарт галт уул сэрэхэд бэлэн байгааг харуулж байж болох юм хэмээн зарим шинжээч үздэг байна. Тухайлбал Скотт Бернс сэтгүүлчидтэнй ярилцахдаа ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Британийн “Daily Express” сонинд ингэж бичсэн байна.
АНУ-ын геологийн албаны мэдээлснээр, саяхан бүртгэгдсэн нэг хамгийн хүчтэй газар хөдлөлт нь Рихтерийн шаталбараар 2,5 баллын хүчтэй байжээ. Тухайн тохиолдолд газар дорхи түлхэлтийн хүч биш, харин тоог анхаарах хэрэгтэй гэж Скотт Бернс хэлсэн байна.
Галт уулын хавьд газар дор хүчтэй биш түлхэлт олон болж байгаа нь магма болон хий гадагшлахад бэлэн байгаагаа харуулж байна гэсэн үг юм гэж Скотт Бернс тэмдэглэжээ.
“Хэрвээ та галт уулын дор болж буй түлхэлтийг бүртгэж байгаа бол, энэ нь олонхи тохиолдолд магма цалигалж эхлэжээ гэсэн үг юм” гэж Скотт Бернс ярьсан байна.
Йеллоустоны галт уул түүхэндээ гурван удаа дэлбэрч, сүүлчийнх нь 640 000 жилийн өмнө болсныг тэмдэглэх хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хэрвээ иймэрхүү гамшиг өнөө үед болвол, АНУ-ын нутгийн ихээхэн хэсэг хүмүүс амьдрах аргагүй болж мэдэх ажээ.
АНУ-ын геологийн албаны мэргэжилтнүүд Йеллоустоны галт уулын дороос геотермалын асар том гаж байдлыг илрүүлсэн байна. Энэ нь 50 орчим километрийн диаметртэй, ойролцоогоор 5 километрийн зузаан магмын хөндийг хэлж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ