Амины орон сууцны зээлийг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ гэв
Ипотекийн зээлийн шинэчлэгдсэн журам II улирлаас хэрэгжиж эхэлсэн. Энэхүү шинэ журмаар зөвхөн орон сууц биш, инженерийн байгууламжийг шийдсэн, цахилгаан халаагууртай, 120 метр квадрат хүртэлх амины орон сууц худалдан авахад 60 сая төгрөг хүртэл зээл авч болохоор тусгасан. Хэдий тийм боловч хагас жил өнгөрөхөд шинэ бодлого хэрэгжиж эхлээгүй байна. Учир нь инженерийн байгууламж, цахилгаан халаагуурын стандарт нь ямар байх зэргийг нэгтгэхээр Барилга, хот байгуулалтын яам ажиллаж байгаа юм.
Иргэдийн хувьд дээрх журамд заасны дагуу зээл авах хүсэлтээр банканд ханддаг ч уг зээлийг олгохгүй зөвхөн орон сууцны ипотекийн зээлийг олгож байгаа гэдэг хариулт өгч байгаа аж.
Бид энэ талаар Барилга, хот байгуулалтын яамнаас тодруулахад “Өнөө өглөөний шуурхай хуралдаанаар сайд энэ долоо хоногт багтаан стандарт, журмыг эцэслэн ирэх долоо хоногоос зээлийг олгох үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст даалгасан. Тэгэхээр ирэх долоо хоногоос амины орон сууцны зээлийг банкаар хэрхэн олгож эхлэх талаар мэдээлэл эцэслэн шийдэгдэн иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно” гэсэн хариулт өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ