Умард Солонгост хээл хахуулийг тэсч үлдэх нөхцөл хэмээн тодорхойлжээ

      НҮБ БНАСАУ-д хүний эрх зөрчигдөж, хар зах зээл цэцэглэж байгаа тухай илтгэл нийтлүүлсэн байна. Ройтерс агентлаг ингэж мэдээлжээ. 

Төрийн албан хаагчид иргэдээс  авилга нэхэж, өгөхгүй бол баривчилна, саатуулна хэмээн сүрдүүлдэг байна гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын илтгэлд өгүүлжээ.  Тус орноос оргон гарсан 200 гаруй хүний мэдүүлэгт үндэслэн ийм дүгнэлт хийсэн байна.

БНАСАУ-ын иргэдийн идэх хоол, эрүүл саруул, орон сууц, эрх чөлөөтэй байх нь төрийн албан хаагчдыг хахуульдах чадвараас шалтгаалдаг гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет  хэлжээ. “Цөмийн зэвсгийн аюулын асуудал  нь Умард Солонгосын олон сая иргэний эрх аймшигтайгаар зөрчигдөж байгаагаас олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хөндийрүүлж буйд бид сэтгэл зовинож байна” гэж тэр тайлбарлажээ. 

БНАСАУ илтгэлд өгүүлсэн зүйлсийг няцаагаад,  улс төрийн сөрөг асуудал бий болгох зорилгоор ийм илтгэл гаргаж байна хэмээн мэдэгддэг байна. Үүнээс  гадна, тус орны хүмүүнлэгийн аливаа асуудал нь НҮБ-ын 2016 оны хориг арга хэмжээний үр дагавар юм гэж Умард Солонгосын төлөөлөгчид үзэж байна.

Ган гачиг болж, ургац алдсанаас үүдэлтэй БНАСАУ-ын байдалд сэтгэл зовинож байгаагаа Дэлхийн хүнсний хөтөлбөр болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага өмнө нь илэрхийлж байсан юм. БНАСАУ-ын 10 сая гаруй оршин суугч өлсгөлөнд шаналж байна гэж шинжээчид бичжээ. 

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс авсан хориг арга хэмжээ байдлыг улам хүндрүүлж байгааг  мэргэжилтнүүд дурдаж байна. 2016 онд Умард Солонгост цөмийн туршилт хийсний дараа ийм хориг арга хэмжээ авсан юм. 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ