Зеленский Оростой хэлэлцээ хийх асуудлаар нийт ард түмний санал хураалт явуулна


Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оростой хэлэлцээ хийх үйл явцын тухай асуудлаар нийт ард түмний санал хураалт явуулна. Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүнээр  дөнгөж саяхан  томилогдсон Андрей Богдан телевизийн “112 Украина” сувгийн нэвтрүүлгээр ингэж мэдэгджээ.

Тус орны иргэд Оростой харилцах асуудлыг зохицуулах үйл явцад оролцох ёстой гэж Богдан тэмдэглэсэн байна. “Бид Оростой эвийн тохиролцоонд хүрэх асуудлаар нийт ард түмний санал хураалт явуулах асуудлыг хэлэлцэж байна, тийнхүү ийм шийдвэр гаргахад зөвхөн депутатууд санал өгөх төдийгүй, ерөнхийлөгч шийдвэр гаргаж, мөн Украины ард түмэн ч энэ шийдвэрийг гаргахад оролцох ёстой” гэж тамгын газрын тэргүүн хэлсэн байна.

Энэ нь нийгэмд хагарал гаргаж мэдэх өрөөсгөл шийдвэр гаргахаас зайлсхийх боломж олгоно гэж тэр мэдэгджээ. Донбассын асуудлаар хэлэлцээ хийхдээ буулт хийх арга замыг эрж хайх хэрэгтэй, гэхдээ Украин “нутаг дэвсгэр, хүмүүсээ  наймаалцахгүй” гэж Богдан бас онцлон тэмдэглэсэн байна.

Владимир Зеленский  тавдугаар сарын 20-нд тангараг өргөхдөө,  Донбасст гал зогсоохыг өөрийн эн тэргүүний зорилт байх болно хэмээн  мэдэгдсэн юм.  Энх тайван байдал тогтоохын тулд бүхнийг хийхэд бэлэн байна гэж тэр онцлон тэмдэглээд, яриа хэлцээ хийхийг талуудад уриалжээ.  Украины бүх олзлогдогсдыг буцаан ирүүлэх нь энх амгалан байдалд хүрэх үйлсэд эхний алхам болох ёстой гэж тэр хэлсэн байна.

Харин Донбассын тусгаар тогтнолоо бие даан зарласан бүгд найрамдах улсууд үүнд хариулахдаа,  олзлогдогсдыг солилцоход бэлэн байна, игэхдээ эхлээд Зеленскийгээс тодорхой санал гаргахыг хүлээж байна гэжээ.

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ