Мадуро Парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахыг санал болгов
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахыг санал болгосныг РИА Новости агентлаг уламжилжээ.
Тэрээр өөрийн талынхантай уулзахдаа, “сонгуулиар хүчээ үзэх” санаачлага гаргасан байна. Тийнхүү тэр ирэх оны эцсээр болох ёстой парламентын сонгуулийг нааш татаж хугацаанаас өмнө явуулахыг санал болгожээ.
“Би сонгууль явуулахыг хүсч байна, харин хэн ялах вэ? Боливарын христосын шашинт, хувьсгалч, Чавесын ард түмэн ялна” гэж Мадуро хэлсэн байна.
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нэгдүгээр сард өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан билээ. Түүнээс хойш тус оронд эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилж байгаа юм. Гуайдо жагсаал цуглаан хийж, одоогийн Ерөнхийлөгчийг түлхэн унагаахыг дөрөвдүгээр сарын 30-нд уриалсан нь эсэргүүцлийн шинэ давалгаа үүсгэжээ. Цэргийнхэн болон цагдаа нартай мөргөлдөх үеэр 70 гаруй хүн бэртэж гэмтжээ. Цэргийнхэн Мадурогийн засгийн газарт үнэнч хэвээр байна гэж батлан хамгаалахын сайд Падрино Лопе мэдэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ