Украинчууд Зеленскийгээс гол нь юу хүлээж байна вэ?

      Тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецк болон Луганск Ард Улсын төлөөлөгчидтэй Оросын оролцоотойгоор шууд хэлэлцээ хийх нь шинэ Ерөнхийлөгчөөс  Украинчуудын хүлээж буй гадаад бодлогын хамгийн гол хүлээлт болж байгаа нь “Нийгмийн мониторинг” төв, социологийн “Рейтинг” бүлэг болон Украины Александр Яременкогийн нэрэмжит хүрээлэнгээс  явуулсан социологийн  санал асуулгын дүнгээс харагдаж байна. Телевизийн “112 Украина” суваг уг санал асуулгын дүнгээс иш татан дурджээ.

     Украинчуудын 40,9 хувь нь ирээдүйн ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс ийм алхам хийхийг хүлээж байна. Украины өмнөд болон зүүн нутгийн  мужуудын оршин суугчид энэ санааг бусдаас илүүтэй дэмжиж байна (53,6 болон 55 хувь нь). Баруун мужуудад энэ санаа хамгийн бага дэмжигдэж байгаа бөгөөд энд иргэдийн 29,8 хувь нь л ийм хэлэлцээ хийхийг зорьж байгаа ажээ.

Харин Донбассын асуудлаар ЕХ болон АНУ-ын төлөөлөгчидтэй хийх хэлэлцээг идэвхижүүлэх санаа баруун нутагт илүүтэй дэмжлэг хүлээж байна.  Бүс нутгийн оршин суугчдын 20,5 хувь нь Ерөнхийлөгчийг ийм алхам хийхийг хүлээж байна. Харин Украинчуудыг бүхэлд нь авч үзвэл энэ санааг бүр бага буюу иргэдийн 16,3 хувь нь л дэмжиж байгаа ажээ.

Депутат, шүүгчид болон төрийн тэргүүний өөрийнх нь халдашгүй байдлыг болиулах нь Украинчуудын хувьд ирээдүйн Ерөнхийлөгчийн хийвэл зохих хамгийн их хүлээлттэй арга хэмжээ болж байна. Тус орны иргэдийн 53,7 хувь нь  ингэхийг хүлээж байгаа ажээ. Тус орныг НАТО-д элсүүлэх хэлэлцээг идэвхижүүлэх асуудал хамгийн бага хүлээлттэй байгаа бөгөөд  шинэ ерөнхийлөгч энэ асуудлыг шийднэ хэмээн санал асуулгад оролцогчдын ердөө 9,9 хувь нь найдаж байна.

     Украины цэргийн олзлогдогсдыг суллуулах (38,4%), одоогийн Дээд радыг  тарааж,  завсрын сонгууль товлох (38,1%) болон  валют,  банкны тогтолцоог тогтворжуулах (33,7%) нь хамгийн их хүлээлттэй таван арга хэмжээний тоонд бас багтаж байна.

Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулиас долоо хоногийн өмнө  болсон санал асуулгын үеэр нийтийн  ахуйн үйлчилгээний тарифыг бууруулах нь  ирээдүйн ерөнхийлөгчөөс Украинчуудын  хүлээж буй гол асуудал байсныг дөрөвдүгээр сард  Киевийн олон улсын социологийн хүрээлэнгээс явуулсан судалгаа харуулжээ.

Владимир Зеленскийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 20-нд болох юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ