Москвад “SSJ-100” онгоцны түймрийг унтраахад аврагчид хариуцлага алджээ


Энэ сарын 5-нд удирдлагын системд нь доголдол гарсан Орост үйлдвэрлэсэн “SSJ-100” онгоц Москвагийн “Шереметьево” нисэх буудалд ослын буулт хийхэд сүүлэн хэсэг нь шатаж 41 хүн амь үрэгдсэн билээ.

Тэгвэл ослын үеийн аврах ажиллагааг шалгах шинжээчдийн тусгай хэсэг байгуулагдсан тухай Оросын хуулийн байгууллагын нэгэн өндөр албан тушаалтан “Лента” агентлагт мэдээлжээ.

Тэрээр, “Одоогийн байдлаар нисэх буудлын нислэгийн удирдагч “Түгшүүр” дохиог “SSJ-100” онгоц газардсанаас хойш 80 секундын дараа өгсөн нь тогтоогдсон. Харин дүрэм журмын дагуу ийм дохиог онгоцноос сүйрлийн тухай мэдээлэл авсан даруйд өгөх учиртай” гэжээ.

Үүнээс гадна шатаж буй онгоцны түймрийг унтраахад эхний хоёр минутын турш нисэх буудлын тусгай зориулалтын зургаан “Elefant” машины ердөө хоёр нь оролцжээ. Дээр нь тэрхүү хоёр машин асгарсан шатахууныг унтраахад шаардлагатай хөөс байхгүй, зөвхөн усаар цэнэглэгдсэн байсан аж.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ