Хүн төрөлхтөн 50 жилд манай гарагийг хэрхэн өөрчилсөн бэ?

Үер буух, хар салхи дэгдэх эрсдэл үргэлжилэн ихсэж, 2050 он гэхэд зогсохгүй гэж  засгийн газар хоорондын биологийн  олон янз байдал, экосистемийн үйлчилгээний асуудал эрхэлсэн шинжээчдийн бүлэг үзэж байна.

Хүн сүүлийн 50 жилд манай гарагийг хэрхэн өөр болгосон  нь тодорхой болсон судалгааны хүрээнд эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ. Судалгааг гурван жилийн турш явуулж, үүнд 400 гаруй мэргэжилтэн оролцсон байна.

Одоо Дэлхийд нэг сая төрөл зүйлийн амьтанд  мөхөх аюул нүүрлэж,  хуурай газарт төрөл зүйлүүд  20%,  харин хоёр нутагтнууд 40%-иар, шүр 33%-иар цөөрч, тэнгис, далайн хөхтнүүдийн гуравны нэг нь бүрэн устаж  үгүй болж мэдэхийг тэд тогтоожээ.

Хүний хөдөө аж ахуйн үйл ажиллагааны улмаас дэлхийн гадаргуугийн үржил шим 23%-иар буурч, харин ундны усны нөөцийн 75% нь жил бүр энэ зорилгод зарцуулагдаж  байна.

Судлаачдын тэмдэглэж байгаагаар, өнөөдөр үер, хар салхины ахиу эрсдэл бүхий нутаг дэвсгэрт 300 сая орчим хүн аж төрж байгаа ажээ. Ингэхдээ энэ  аюул 2050 он хүртэл гагцхүү ихсэнэ гэж эрдэмтэд үзэж байна.

Өнөөгийн хүн төрөлхтөн “эдийн засгийнхаа үндэс, амь зуулгын хэрэгсэл, хүнсний аюулгүй байдал болон өөрийн эрүүл мэндийг” сүйтгэж байна гэж шинжээчид дүгнэжээ. Ийм хандлагыг зогсоохын тулд технологи, эдийн засгийн болон нийгмийн хүчин зүйлсийн туслалцаатайгаар зорилго, үнэт зүйлсээ өөрчлөх шаардлагатай аж.

Судалгаа Засгийн газар хоорондын биологийн  олон янз байдал, экосистемийн үйлчилгээний асуудал эрхлэсэн шинжээчдийн бүлгийн сайтад нийтлэгдсэн байна.  Түрүүнд нь тус байгууллага  “дэлхий нийтийн шинжтэй тогтвортой байдал”, “бүс нутгийн өрсөлдөөн” болон “эдийн засгийн өөдрөг үзэл”  гэсэн хүн төрөлхтөний цаашдын хөгжлийн  байж болох гурван төлөвлөгөөг санал болгосон юм. Сүүлчийн төлөвлөгөө нь манай гарагийн биологийн олон янз байдлыг хадгалахад хамгийн аюултай нь гэж эрдэмтэд үзэж  байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ