Чингис хааны нэрэмжит Сибирийн зэрлэг дивиз
Дэлхийн II дайны явцад томоохон эргэлтэд хүргэсэн Сталинградын төлөөх шийдвэрлэх тулалдаанд нацист Германы бүслэлтэд орсон фельмаршал Паулюсийн армид туслахаар давшилсан Майнштейны танкийн армийг зогсоон Сталинрад хотын хамгаалалтын баруун хойд хэсэг буюу Клетскийн түшиц газрыг хамгаалахад ЗХУ-ын 321 дүгээр дивиз онцгой үүрэг гүйцэтгэжээ.
1942 оны гуравдугаар сард Буриад, Якут, Эрхүү болон Читийн мужуудаас цэрэгт татагдсан сибирийн тайгын анчин буриад, якут, эвенк, тува, орос залуусаас бүрдүүлсэн энэ дивизийг Германы фронтын сонинд Чингисхааны нэрэмжит Сибирийн зэрлэг дивиз гэж нэрийдсэн нь санамсаргүй хэрэг биш. Тус дивизийн бие бүрэлдэхүүний гуравны нэг буюу таван мянга орчим нь буриад монголчууд байсан аж.
321 дүгээр дивиз Читийн мужийн Безречная гацаанаас төмөр замаар хагас сар гаруй явсаар Сталинград хотоос холгүй орших Сухой Лог гацаанд 1942 оны долдугаар сард хүрэлцэн ирээд вагоноос буунгуутаа бөмбөгдөлтөд өртөн шууд анхныхаа тулалдаанд орсон гэдэг. Агаарт дайсны онгоцууд ноёрхон зогсоо зайгүй бөмбөгдөвч тус дивиз долдугаар сарын 27-нд сөрөг довтолгоонд шилжин Дон мөрнийг амжилттай гатлаад наймдугаар сарын 15 гэхэд Германы бэхлэлтүүдийг хэд хэдэн газар сэт цохин Ново-Максимовскийн дүүрэг дэх Осинки, Лопушино, Периковка, Ярки зэрэг долоон сууринг чөлөөлж, стратегийн ач холбогдолтой хэд хэдэн өндөрлөгийг эзлэн авчээ.
Дивизийн дайчид түүнчлэн Чир гол дахь Мало-Клетск суурингийн орчимд эрэлхгээр тулалдан Сталинград руу нэвтрэхийг зорьсон нацистуудын танкийн давшилтыг удаа дараа няцаан зогсоож байв. Хүч тэнцүүгүй тулалдаанд Буриадын Түнх тосгоны уугуул, 493 дүгээр хорооны улс төрийн орлогч Буд Шагланов бүслэгдсэн ч бууж өгөлгүй тасгийн пулемётоор 200 гаруй дайсныг устган амь үрэгдэж, Балжир Цыренов, Бато Жаргалов, Дорж Гармаев, Ирольт Цыденов гээд олон баатар эрс алтан амиа өргөж дайсныг Сталинград руу нэвтрүүлээгүй ажээ.
Клетскийн түшиц газрын төлөөх тулалдаан 1942 оны долдугаар сарын 23-наас эхлэн 106 хоног үргэлжлэн нацист Германы бүрэн ялагдлаар төгссөн байдаг. Энд тэмдэглэхэд, ЗХУ-ын Нобелийн шагналт зохиолч М.Шолохов “Тэд эх орныхоо төлөө тулалдсан” түүхэн романаа чухам Клетскийн төлөөх ширүүн тулалдаанаас сэдэвлэсэн гэдэг бөгөөд 1975 онд нацист Германыг ялсны 30 жилийн ойд зориулан найруулагч С.Бондарчукийн ижил нэртэй алдарт уран сайхны кино дэлгэцнээ гарсан билээ. Тэгвэл Буриадын найруулагч Солбон Лыгденовын тус дивизийн баатарлаг замналын тухай уран сайхны кино санхүүжилтийн олон хүндрэлийг даван удахгүй дэлгэцэнд гарах сурагтай.
1942 оны арваннэгдүгээр сар гэхэд Сибирийн зэрлэг дивиз Румын-Италийн нэгдүгээр, Германы 376 дугаар дивизиудыг бутниргэн Гвардийн 82 дугаар дивиз болон шинэчлэгдэн зохион байгулагдаж Берлин хүрсэн түүхтэй.
Энд тус дивизийн эрэлхэг дайчид болох Георгий Викулов, Батмөнх Лодонович, Семён Дугарон, Базар Балданжапов, Бат Рабжаев нар Берлиний Бранденбургийн хаалганы өмнө 1945 оны тавдугаар сарын эхэнд авахуулсан гэрэл зургийг нийтэлж байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ