Орост нацист Германы хас тэмдэг бүхий Георгиевын тууз худалдаанд гарчээ


            Оросын Доод Новгород хотын Сормовскийн дүүргийн нэгэн дэлгүүрт нацист Германы хас тэмдэг бүхий Аугаа эх орны дайны ялалтын бэлгэдэл Георгиевын тууз худалдаж байсан нь илэрч олон хүний дүргүйцлийг хүргэсэн тухай “РИА Новости” агентлаг уламжилж байна.

            Тэрхүү туузыг Хятадад үйлдвэрлэсэн бөгөөд угтаа ЗХУ нацист Германыг бутцохисныг илэрхийлэхийг оролдсон бололтой. Гэвч Георгиевын туузанд ямар ч нөхцөлд хас тэмдэг байх ёсгүй гэж Оросын ихэнх иргэн үзэж байгаа аж.

            Хас тэмдэг бүхий тууз худалдаж байсан дэлгүүрт учрыг лавлахаар ирсэн сэтгүүлчдийг худалдагчид хүчээр хөөн гаргаж зодоон өдөөсөн гэнэ.

            ОХУ-ын Дотоод явдлын яам тус хэргийг бүртгэн мөрдөн байцааж эхэлсэн байна.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ