Жулиан Ассанжид тавин долоо хоног хорих ял оноожээ
Лондон хотын шүүх “WikiLeaks”-ийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг барьцаагаар суллагдах нөхцлийг зөрчсөн хэмээн тавин долоо хоног буюу жил гаруй хорих ял оноосон тухай “ВВС” агентлаг уламжиллаа.
Шүүгч Дебора Тейлор шүүх хурлын явцад Жулиан Ассанжид хандаж хэлэхдээ, “Та сайн дураар бууж өгөөгүй. Эквадорын Элчин сайдын яам барилгадаа цагдаагийн ажилтнуудыг нэвтрэх боломж олгоход хүрсэн” гэжээ.
Гэхдээ Жулиан Ассанж хоригдох явцдаа ямар нэг зөрчил гаргахгүй бол хорин таван долоо хоноод суллагдах боломжтой аж.
Тэрээр 2012 оны зургадугаар сараас Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байгаад өнгөрсөн сарын 11-нд баривчлагдсан юм. Одоо шүүх түүнийг АНУ-д шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцэх ажээ.
АНУ-д “WikiLeaks”-ийн үүсгэн байгуулагчийг улсын нууц задруулсан хэргээр цаазаар авах ял оноож болох юм. Үүнээс гадна Шведэд Жулиан Ассанжийг хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн мөрдөн шалгаж байсан билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ