Шри Ланкийн тагнуулын алба террорист халдлагын талаар цагдаагийн газарт 12 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж байжээ


Шри Ланкийн Цагдаагийн газар тус улсын тагнуулын албанаас террорист халдлага болохоос даруй 12 хоногийн өмнө үүнд бэлтгэж буй тухай урьдчилсан мэдээллийг үл тоомсорлон анхааралдаа аваагүй тухай “The New York Times” сонинд бичжээ.

Тагнуулын албаны даргаас Цагдаагийн газрын даргад энэ сарын 9-нд илгээсэн нууц захидалд, “Шри Ланкад оршин сууж буй “Жамаат Ат Таухид Аль Ватани” бүлэглэлийн Захран Хашми гэгч хамсаатнуудынхаа хамт ойрын үед амиа золиослогч террористуудын халдлага үйлдэхээр төлөвлөж байна” гэсэн байжээ.     

Захидалд түүнчлэн террористууд сүмүүдийг довтолж, амиа золиослогчид, ачааны машинууд, буу, хутга мэс хэрэглэж болохыг анхааруулсан аж. 

Шри Ланкад энэ сарын 21-нд террористууд найман дэлбэрэлт зохион байгуулсны гурав нь христийн шашны сүмүүдэд уламжлалт улаан өндөгний баярын үеэр болсон билээ. Цуврал террорист халдлагаар 520 хүн шархдаж, 200 гаруй хүн амь үргэдсэн юм.

Цуврал халдлагыг “Исламын улс” террорист бүлэглэл үйлдсэнээ зарласан бөгөөд гол бай нь христийн шашинтнууд, террористуудын эсрэг дайн зарласан эвслийн орны иргэд байжээ. 

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ