Ким Чен Уны хачирхалтай зуршилууд буюу сандлыг нь яагаад спиртээр арчсан бэ?
Оросын Eрөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар саяхан Владивостокд хэлэлцээ хийсэн билээ. Ким болон түүний багийнханы ааш аяг сэтгүүлчдийг гайхшруулж зарим асуулт тавихад хүргэсэн юм. Умард Солонгосын удирдагч аялалаар явах бүрийдээ био жорлонтой хувийн лимузин машинаа байнга авч явж, өөрийнх нь хувцасны хэв маягийг дууриах гэсэн санаархалыг тэвчдэггүй, хувийн зурагчиддаа тунчиг хатуурхадаг байна.
Оросын болон дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Ким Чен Ун болон Владимир Путин хоёрын уулзалтын танхимд авсан зургуудыг ээлжилэн тарааж байв. Умард Солонгосын удирдагчтай хамт яваа хүмүүсийн нэг хар костюм өмссөн нэгэн эр “бактериас хамгаалах” спирт шингээсэн цаасаар Кимийн ширээг арчиж байжээ. БНАСАУ-ын төрийн зөвлөлийн даргын хачирхалтай, заримдаа итгэмээргүй гаж гэмээр зан төрхийн тухай ярих болсоор удаж байгаа билээ.
Тухайлбал, Ким Чен Ун өөрийнх нь хувцас хэв маягийг дууриахыг төрийн албан хаагчдад хориглосон тухай дэлхийн хэвлэл 2015 онд бичиж байсан юм. Үндэсний хэв загварыг багтаасан Кимийн ажил хэргийн хувцасыг танихад амархан юм. Тэр өөрийг нь дууриах гэсэн доод хүмүүсийнхээ оролдлогыг үндсээр нь таслан зогсоохоор шийдвэрлэж, хэв маягаараа адилхан хувцас хийлгэхийг хоригложээ.
Ингэж хориглохоос өмнө БНАСАУ-ын төрийн албан хаагчдын дунд “жолоодогчийн хувцасны” тренд бий болжээ. Бүр өнөөгийн удирдагчийн эцэг Ким Чен Ирийн үед мөн ийм л байсан ч, онцгой шалгарсан ажилтнуудад тэр өөрийнх шигээ хувцасыг байнга бэлэглэж, даган дууриахыг зүйл бүрээр хөхүүлэн дэмждэг байсан байна.
Ким Чен Ун гадаадад тэр бүр айлчлаад байдаггүй ч, ямар ч унаагаар явлаа гэсэн өөрийн хувийн лимузинг байнга авч явдаг байна. Умард Солонгосын удирдагч хаана ч очлоо гэсэн гагцхүү өөрийн “Мерседес”-ээр явдаг. Орост мөн л өөрийн машинтай иржээ.
Приморын хязгаарын нийслэлийн галт тэрэгний буудалд асар том лимузинийг буудлаас гаргахын тулд 20 сантиметр ханыг буулгахад хүрсэн байна.
Машин нь зөөврийн жорлонтой гэнэ. Энэ нь мөн л аюулгүй байдлыг хангах асуудал бөгөөд учир нь Умард Солонгосын удирдагчийн биологийн ялгадсыг дайсанд алдчихгүй байхаас тэр гэнэ. Юу гэвэл, дайснууд Ким Чен Уны биеийн байдлыг ялгадсаар нь мэдэж болох юм хэмээн үздэг бололтой.
Түүний машиныг даган гүйж явдаг хамгаалагчдыг хэдийнэ мэдэх болсон билээ. Бие хамгаалагчдыг хатуу чанд шилж сонгож авдаг нь мэдээж. Тэднийг Солонгосын армиас шилж авдаг байна. Мэргэн буудах, гар тулаан хийх зэрэг мэдээжийн тодорхой шалгуурын дотор нэлээд сонин шалгуур ч бий. Юу гэвэл, хамгаалалтын ажилтнууд удирдагчаасаа өндөр байх ёсгүй гэнэ. Харин олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн бичдэгээр, Ким Чен Ун 163 орчим сантиметрийн өндөр аж.
Жолоодогчтой шууд тулж ажилладаг өөр нэг мэргэжлийн хүмүүс бий. Энэ нь хувийн гэрэл зурагчид юм. Ханойд АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Ри хэмээх гэрэл зурагчин удирдагчид хэтэрхий ойртсон ч, түүнийг бусад хүмүүсээс халхалж чаджээ. Үүнийг төрийн тэргүүнд хүндэтгэлгүй хандсан хэмээн үзсэн байна. Хөөрхий тэр зурагчиныг ажлаас нь халж, намаасаа хөөжээ. Кимийг Владивостокт айлчлах үеэр гэрэл зурагчид дагалдан ирсэн нь мэдээж боловч, харин тэдний нэг нь эмэгтэй хүн байсан нь хүмүүсийн анхаарлыг ихээр татсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ