Мансууруулах бодис наймаалагчидын хамсаатан тотийг баривчиллаа
Бразилын цагдаа нар мансууруулах бодис наймаалагчидын хамсаатан тотийг баривчилжээ. “Гардиан” сонинд ингэж бичиж, мэдээлсэн байна.
Саяхан цагаан-ногоон өнгийн нэг тоть хоёр мансууруулах бодис наймаалагчийг баривчилах гэсэн цагдаа нарын тусгай ажиллагааг тасалдуулчих шахжээ. Цагдаагийн машиныг тэдний гэрт ойртож ирэхэд нөгөө тоть португалаар: “Ээж ээ, цагдаа!” хэмээн хашигарсан гэнэ.
Үүнийг сонссон мансууруулах бодис наймаалдаг эрэгтэй, эмэгтэй хоёр зугатах гэсэн боловч, тэднийг яалт ч үгүй саатуулж дөнгөжээ. Цагдаа нар тэдний гэрээс марихуан, кокаины хольц болон их хэмжээний мөнгө илрүүлсэн байна.
Ийнхүү цагдаа нар мансууруулах бодис наймаалагчид болон тотийг цагдаагийн хэсэгт аваачжээ. Шувуу баривчлагдсаныхаа дараа “огт юу ч дугараагүй” хэмээн цагдаа нар хэлсэн байна. Тотийг цагдаагийн машиныг мэддэг болгож сургажээ хэмээн мөрдөн байцаагчид үзсэн байна.
Шувууг амьтны хүрээлэнд өгсөн бөгөөд, нисдэг болгож сургасны дараа байгальд нь тавих гэнэ.
Нууцаар бараа зөөдөг тагтааг Бразилын шоронгоос барьсан тухай 2017 оны хоёрдугаар сард бас мэдээлж байсан юм. Тэгэхэд тагтаа нэг хоригдолд гар утас хүргэх гэж оролдож байсан тохиолдол бий.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ