Михаил Горбачёв эмнэлэгт хэвтэн өөрийнхөө тухай киноны нээлтэд очиж чадаагүй ажээ
ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Михаил Горбачёвын бие нь муудаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон тул Москвагийн олон улсын кино наадмын хаалтын өдөр болсон “Горбачёвтай уулзсан нь” нэртэй АНУ-ын баримтат киноны нээлтэд очиж чадаагүй ажээ.
Энэ тухай тус киног Вернер Херцогтой хамтран бүтээсэн найруулагч Андре Сингер нээлтийн үеэр мэдэгджээ. Продюсер, найруулагч Вернер Херцог тус кинонд Михаил Горбачёвтой олон удаа уулзан янз бүрийн сэдвээр ярилцдаг аж.
Москвагийн олон улсын кино наадам нь дэлхийн ууган кино наадмуудын нэг бөгөөд анхных нь 1935 онд болжээ. Анхны наадмын шүүгчдийн дарга нь “Хуягт хөлөг онгоц “Потёмкин” киног найруулсан алдарт Сергей Эйзенштейн байжээ. 1959 оноос эхлэн тус наадам жил бүр тогтмол зохиогдсоор өнөөг хүрсэн аж. Москвагийн олон улсын кино наадмын одоогийн ерөнхийлөгч нь “Оскар”-ын шагналт Никита Михалков юм байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ