Ким Жон Ун Владивосток дахь дурсгалын хөшөөнд цэцэг өргөжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Оросын Владивосток хотын “Номхон далайн флотын дайчин алдар” дурсгалын хөшөөний цогцолборт өнөөдөр цэцэг өргөсөн байна. Цэцгийн туузан дээр “Эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн эрэлхэг дайчдад. Ким Жон Ун” гэж бичжээ. Хөшөөний цогцолборт Оросын гвардийн хүндэт харуул жагссан аж.
Ким Жон Уныг хөшөөний цогцолборт ирэхэд байлдааны хөлөг онгоцноос хүндэтгэлийн буудлага үйлджээ. Хүндэт зочин туузыг янзлаад дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн ёслоод хэсэг зогссон байна.
Владивостокт өглөөнөөс бороотой байсан тул цэцэг өргөх ёслол хөтөлбөрөөсөө хоёр цагаар хоцорчээ.
Үүний дараа Ким Жон Ун Владивостокийн захад орших “Лесная заимка” зоогийн газар Приморийн хязгаарын захирагч Олег Кожемякотой уулзахаар иржээ. Уулзалтад тус хязгаарын компаниудын төлөөлөгчид мөн оролцсон байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ